Замын-Үүдийн “Төлбөр авах цэг”-ээр гаралгүйгээр хулгайн тээвэр нэвтэрсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу үзлэг шалгалт хийжээ. Ингэхэд 2023 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө туузан хаалтын боолтыг бүгдийг тайрч гараад төмөр утсаар боож үлдээсэн нь тогтоогдов.
Уг үйл явдал нь Зам, тээврийн хөгжлийн Сайдаас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу даац хэтрүүлэн тээвэрлэж байгааг газар дээр нь үзэж танилцан авто замын хучилт, гүүрийг эвдэн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг таслан зогсоох, Улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, хяналт тавих механизмыг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах ажлын хэсэг гарч ажиллаж байгаатай холбоотойгоор хулгайн тээвэр хийх болсон гэж албаны хүмүүс үзэж байна.
Дээрх хэргийг Замын-үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Мөн төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийж, хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд хуулийн хүрээнд тээвэрлэлт хийхийг анхааруулж байна.