Боомтоор ачаа, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсэд тулгарч буй хүндрэлийг шалган тогтоох сонсголыг ирэх сарын 10-12-нд товлов

Боомтоор ачаа, нүүрс нэвтрүүлэх, чөлөөт бүсэд тулгарч буй хүндрэлийг шалган тогтоох сонсголыг ирэх сарын 10-12-нд товлов

 

Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд хуралдаж, Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдаанд оролцсон Хянан шалгах түр хорооны гишүүдээс санал гараагүй тул Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд Түр хорооны сонсгол товлон зарлах тухай тогтоолын төслийг уншиж танилцуулав.

Түр хорооны сонсгол товлон зарлах хугацаатай холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа, Хянан шалгах түр хорооны шалган тогтоох асуудалд нэлээн нухацтай хандах шаардлагатай, иймд асуудлыг судлах, танилцах цаг хугацаа шаардлагатай байгаа тул тогтоолын төсөлд тусгагдсан товыг хойшлуулах санал гаргав. Мөн түүнчлэн Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд түр хорооны гишүүн С.Одонтуяагийн саналыг дэмжиж үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, түр хорооны гишүүдийн гаргаж буй саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн, ажиллах нөхцөл бололцоогоор хангах ёстой хэмээн үзэж Түр хорооны гишүүн С.Одонтуяагийн гаргасан горимын саналын дагуу

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг,

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн

  • 35 дугаар зүйлийн 35.1,
  • 36 дугаар зүйлийн 36.4,
  • 45 дугаар зүйлийн 45.1,
  • 46 дүгээр зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг үндэслэн

Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Хянан шалгах түр хорооны гишүүн С.Одонтуяа, Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны сонсгол гурван үе шаттай болж өнгөрлөө.

Харин Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны сонсгол хэдэн үе шаттай байх талаар асуулт асуув.

Асуултад Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны ажлын цар хүрээ өргөн байснаас үүдэн хэд хэдэн үе шаттай зохион байгуулсан.

Харин манай Хянан шалгах түр хорооны хувьд Хөгжлийн Банкны асуудлаарх сонсголтой харьцуулахад агуулга, хэлбэрийн хувьд өөр тул товлосон хугацаанд сонсголыг зохион байгуулах бүрэн бололцоотой хэмээн хариуллаа.

Хянан шалгах түр хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд хаалттай хуралдах горимын саналыг хуралдаанд оролцогчдын 85.7 хувь нь дэмжсэнээр Хянан шалгах түр хорооны хурал хаалттай горимд шилжин хуралдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ