Замын-Үүд суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Трансгейт интернэшнл” компанийн байрнаас газ үнэртсэн тухай гомдол, мэдээлэл иргэдээс иржээ. Гомдлын дагуу тус сумын цагдаагийн албан хаагчид болон аврагчид шалгалтын ажиллагаа зохион байгуулсан байна. Тус компани нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр тусгай зөвшөөрөл авч, үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилт хийх явцдаа гааз алдсан байж болзошгүй байгаа ажээ.
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу Замын-Үүд сумын албан хаагчид гааз алдсан байж болзошгүй үйлдвэрийн байранд ажиллаж, компанийн үйл ажиллагааг зогсоожээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна. Одоогоор Замын-Үүд сумын эмнэлэгт хордсон гэх хүн бүртгэгдээгүй” гэлээ.