Хүлэмжийн хийн бага ялгарал бүхий халаалтын эх үүсвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүлж дуусчээ


Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ давхар агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий үндсэн стратегийн хүрээнд гэр хороололд хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төслийг 2021 оны 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 15-ны хооронд Их Британийн Элчин сайдын яамны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлж дуусгажээ.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн болон хэсэгчилсэн дулаан хангамжид холбогдох боломжгүй гэр хорооллын захын бүсийн айл өрхүүдэд тав тухтай, хэрэглэхэд хялбар, ашиглалтын зардал багатай, агаарын бохирдолгүй, хамгийн гол нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахуйц үр нөлөөтэй дулааны эх үүсвэрийг тодорхойлохыг зорьсон бөгөөд уг төсөлд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 112 өрхийг хамруулсан.


Эдгээр судалгаанд хамрагдсан айл өрхүүдийн нүүрсний хэрэглээн дээр үндэслэн нүүрсхүчлийн хийн ялгарлыг тооцоолоход жилд 4,037 тонн CO2 үйлдвэрлэж байгаа бөгөөд хэрвээ эдгээр өрхүүд хүлэмжийн хийн бага ялгарал бүхий сэргээгдэх эрчим хүч хосолсон халаалтын эх үүсвэрийг ашиглавал CO2 нь 2,822 тонноор буурах үр дүнг үзүүлэх юм. Энэхүү тооцооллыг төвийн зургаан дүүргийн нийт гэр хорооллын захын бүсийн 194,749 айл өрхүүдэд хэрэгжихээр тооцвол CO2 нь 4.9 сая тонноор буурах тооцоолол гарч байна.
 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ