2023 оны сүүлийн улиралд дэлхийн газрын тосны зах зээл дээр сүүлийн 16 жилд байгаагүй томоохон хомстол үүсэж болзошгүй гэж Блүмберг агентлаг ОПЕК-ийн сүүлийн тайланг эш татан мэдээлжээ.
Нийлүүлэлтийн хомстол хоногт 3.3 сая баррель болж магадгүй гэж тус агентлаг тооцоолжээ. Үүний шалтгаан нь Саудын Араб газрын тосны олборлолтоо хоногт нэг сая баррелиар үргэлжлүүлэн бууруулах шийдвэртэй холбоотой. Сүүлийн хагас жилд дэлхийн зах зээл дээрх газрын тосны хомстол хоногт 1.8 сая баррельд хүрч, 18 дахин өсжээ.
Үүнээс өмнө АНУ-ын Эрчим хүчний яам 2023 оны Brent маркийн газрын тосны үнийг урьдчилсан таамагт өөрчлөлт оруулж, нэг баррель нь 84.46 ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна. Өмнөх таамагт түлшний үнийг 82.62 ам.доллароор тогтоосон байна. Тус яам Саудын Арабын газрын тосны олборлолтоо хоногт нэг сая баррелиар бууруулах шийдвэр нь дэлхий дахинд газрын тосны нөөц буурахад хүргэнэ гэж үзэж байна.