Н.Баярхүү: 40 ширхэг С зөвшөөрөл дөрвөн өрөө байрны үнэ хүрч байна

Н.Баярхүү: 40 ширхэг С зөвшөөрөл дөрвөн өрөө байрны үнэ хүрч байна

 

Нүүрс тээвэр хийхийг хүссэн 26400 мэргэшсэн жолооч бий. Тэдгээрийн нэг бол Б.Пүрэвдорж юм. Жолооч нар дангаараа С зөвшөөрөл авах эрхгүй, заавал нэг компанид харьяалагдах ёстой байдаг. Тиймээс Б.Пүрэвдорж нэр бүхий тээврийн компанид харьяалагддаг байна. Ингэж байж нүүрс тээвэрт явдаг аж. Гэвч сүүлийн нэг жилд гарын арван хуруунд багтахаар цөөн удаа тээвэрт явжээ.  Ингэснээр сарын зээлээ төлж чадахаа больжээ. Энэ тухайгаа “Эрдэнэс Тавантолгой компани Хятад компанид нүүрс тээвэр хийх С зөвшөөрөл олгох болсон. Тодруулбал, өргөтгөсөн тээвэр гэх залилангийн аргаар өөрсдөдөө ашигтай талд давуу эрх олгож байна. Үүнээс болж олон мянган жолооч ажлаа хийж чадахгүй болсон. Тиймээс энэ будилааныг зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.

 

Уул уурхайгаас гарч буй нурмаг ачааг тээвэрлэн экспортлоход Олон улсын тээвэрлэлтийн “С” зөвшөөрлийг авдаг. Тэгвэл энэ зөвшөөрлийг авто тээврийн үндэсний төвөөс гарт олгодог байсан нь олон удаагийн авлигын сүлжээг бий болгосон байдаг. Он гарснаар С зөвшөөрлийг гурван уурхай цахимаар олгох болсон.

 

Тодруулбал, нийт зөвшөөрлийн 60 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК, 25 хувийг Энержи ресурс компани, Орон нутгийн өмчит Тавантолгой ХК 15 хувийг олгох квоттой. Ингэж уурхайнууд дээр С зөвшөөрлийн эрхийг өгснөөрөө авлигаас ангид байна гэж Засгийн газраас тооцоолсон. Гэвч тус зөвшөөрлийг цахимаар олгосон ч авлигын сүлжээг таслан зогсоогоогүй бөгөөд үнийг нь улам нэмэгдүүлж байна хэмээн тээвэрчдийн төлөөлөл 200 орчим иргэн Зам тээврийн яамны гадаа жагсаж, шаардлага хүргүүлж буй нь энэ юм. Энэ тухай монгол тээвэр нэгдлийн тээвэрчин Д.Содномдорж “Тээврийн компаниуд улирал бүр С зөвшөөрөл авах хүсэлтээ "Эрдэнэс Тавантолгой" компанид өгдөг. Өнгөрсөн улиралд тус компанид 14 мянган машин С зөвшөөрөл авах хүсэлтээ өгсөн байсан.

 

 

Энэ улиралд тоо улам нэмэгдэж 18 мянга болжээ. Тэгвэл эдгээрээс сард 4500 орчимд нь нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олгодог. Гэвч зөвшөөрөл олгох үйл явц шударга бусаар явагдаж дотоодын компаниуд  авч чадахаа больсон. Харин эсрэгээрээ гадаадын компаниуд зөвшөөрөл авах нь нэмэгдсэн. Энэ нь өргөтгөсөн тээвэр гэсэн нэртэй нэг компанид 240 нийлээд 800 гаруй зөвшөөрлийг оффтейк гэрээний дагуу урд хөршийн компанид олгож байна.

 

Үүнийг болиулахыг шаардаж байна” гэсэн юм. Харин "Эрдэнэс Тавантолгой" компанид өнөөдрийн байдлаар 14 мянган машин С зөвшөөрөл авах хүсэлт ирүүлжээ. Тус компани сард 4680 машинд зөвшөөрөл олгох боломжтой байдаг ажээ. С зөвшөөрөл гэдэг Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1991 онд байгуулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр”-ийн хүрээнд гурван сар тутамд олгогддог олон удаа хил нэвтрэх байнгын ачаа тээврийн зөвшөөрөл юм. Товчхондоо нүүрс тээврийн “ногоон карт” гэсэн үг. С зөвшөөрлийг богинын тээвэр буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх Цагаан хад суурьшлын бүсээс Гашуун сухайт-Ганц мод боомт хүртэл 25 км газарт нүүрс зөөдөг жолооч нарт олгодог журамтай.

 

Мөн үндэсний компаниуд нүүрс тээврийн салбараас шахагдаж гарах дээрээ тулаад байгаа аж. Мөн С зөвшөөрөл нь тодорхой үнэтэй болжээ. Энэ талаар Баянзам тээвэрчдийн холбооны тэргүүн Н.Баярхүү “Засгийн газрын 362 дугаар тогтоол гарснаас хойш "Эрдэнэс Тавантолгой" компани С зөвшөөрөл олгодог болсноос асуудал үүссэн.

 

4680 зөвшөөрлийг зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" хуваарилах эрх авсан. Энэ нь хэрэгжих явцдаа өргөтгөсөн тээвэр гэх өдөр бүр тээвэрт явдаг давуу эрхтэй зүйлийг бий болгосон. Тодруулбал, Хятадын нүүрс худалдан авдаг дөрвөн том худалдан авагч байдаг. Эдгээрийг дэмжиж байна гэж 240 С зөвшөөрлийг компанид олгодог. Тэгвэл энэ нь 240 айлын орлогын эх үүсвэрийг хааж байна гэсэн үг. 1300 машин өдөрт хилээр татлаа гэхэд 500 нь хувиараар авдаг монгол тээврийн компанийн машин бусад нь биржээр зарсан нүүрсний буюу дээрх дөрвөн компанийн машин байдаг. Өдөр бүр явна гэдэг бол гайхамшиг. Сард Монгол компаниуд 9500 удаа явж байна. Харин Хятад компанийн машинууд 19 мянган удаа явсан байгаа юм. Энэ мөнгө улсын төсөвт орохоосоо илүү гадаад руу урсдаг. Улс хоорондын тээвэр учраас НӨАТ төлдөггүй. Ийм давуу байдлыг илтэд олгож байна. Нэгийг нь зам дээр 10 хоног зогсоочихоод нөгөөхийг нь өдөр бүр ачаа зөөлгөж байна. Эсвэл монгол компанитай байгаа нь бидний буруу юм уу. Энэ шударга бус байдлыг болиулахыг шаардаж байна. 40 С зөвшөөрлийг дөрвөн өрөө байраар сольж байна. Мөн С зөвшөөрлийг “баттай” гаргана гэх нь элбэг болсон” гэсэн юм.

 

 

Бямбагэрэлийн  БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ