"Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуяг хөрөнгийн маргаан үүсгэжээ

"Тэнүүн-Огоо"-гийн А.Ганхуяг хөрөнгийн маргаан үүсгэжээ

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өчигдөр Улаанбаатар хотын 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр цавчаа ногооныг нийлүүлсэн “Тэнүүн огоо” компаниас хохирлоо барагдуулж авах талд ямар ахиц гарч байгаа вэ гэдэг асуудлыг төлөөлөгч тодруулсан юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Авлигатай тэмцэх газрын удирдлага, Мөрдөн шалгах хэлтсийн даргатай  өчигдөр/уржигдар/  уулзсан.  Тус компанийн нийт хөрөнгийг 56.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн үнэлгээ бий. Хэрэгт холбогдсон хүний зүгээс үнэлгээн дээр маргасан. Миний үл хөдлөх хөрөнгийг бүтэн үнэлсэнгүй гэсэн асуудал тавьсан Автобус баазын хашаанд байгаа цахилгаан станц болон бусад дэд бүтцийг бүхэлд нь үнэлсэнгүй гэсэн байна лээ.  Бидний зүгээс автобус бааз гэдэг агуулгаараа нэг иж бүрдэл байх ёстой гэж үзэн, манай талаас үнэлгээний компани оруулсан. Мөрдөх алба, манай газраас оруулсан үнэлгээний компани хооронд зарчмын зөрүү байхгүй.

Өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш прокурорын байгууллагынхантай уулзая, энийг хурдан эцэслээд шүүхэд шилжихээс өмнө хэрэгт холбогдсон хүмүүс хохирлоо төлсөн гэдэг байдал нь эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхийг үгүйсгэх аргагүй. Бид  нар цаг хугацаагаа хожоод хохирлоо хурдан барагдуулж дуусгая гэдэг байр суурьтайгаар асуудалд хандаж байгаа. Ирэх долоо хоногт эцэслэчих болов уу. Хэрвээ хоёр талаасаа ойлголцвол өмчлөлийг нийслэлд шилжүүлэн авна" гэлээ.

Нийслэлээс өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхээр болж, худалдан авалтын гэрээг нууцад оруулан, "Тэнүүн огоо" компанид энэхүү эрхийг олгосон ч Вьетнам улсад угсарсан 100 автобус оруулж ирсэн нь асуудал дагуулж, хуулийн байгууллага шалгаж эхэлснээр тус компанийн захирал А.Ганхуяг тэргүүтэй хэд, хэдэн хүн саатуулагдан, шалгуулах болсон юм.

"Тэнүүн огоо" компанийн нийслэлд "шахсан" 100 автобуснаас 130 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон. Хэрвээ тус компанийн нийт хөрөнгийг 56.4 тэрбум төгрөгөөр үнэлэн, нийслэл өөртөө шилжүүлэн авбал цаана нь 80 гаруй тэрбум төгрөгийн "цоорхой" үүсч буй юм. Иймээс тус компанийн захирал А.Ганхуяг хөрөнгөө аль болох өндөр үнээр үнэлүүлэн, өр багатай үлдэх, нөгөө талдаа хохирлоо төлж байгаа нэрийн дор ял бага авах зэрэг тактик ашиглаж мэдэхээр байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ