Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай төсөл дэмжигдлээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Үүнд 449.3 тэрбум төгрөг зарцуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно. Одоогоор дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа юм. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
Халамжийн тэтгэврийн тухайд, НДС-гаас тэтгэвэр авар эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ. 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авдаг 12.8 мянган хүүхэд бий. Энэхүү тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр тэтгэмжийн хэмжээ 375,000 төгрөг болно" гэв.