Дорнод, Хэнтий аймгийн дунд байрлах “Тамын 50” гэж нэрлэгдэх болсон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50,0 км автозамыг барьсан компанийн удирдлага, мөн тус компанийг сонгосон албан тушаалтнуудыг шалгуулахаар УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Авлигатай тэмцэх газарт өнөөдөр /2024.08.05/ гомдол гаргажээ.
Өмнө нь энэ асуудлаар салбарын яаманд нь хандаж байсан ч хариуцлага тооцоогүй гэж тэрбээр мэдэгдээд буй юм.
Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо тэрбээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт баригдсан улсын чанартай автозамын барилгын зарим хэсгийн барилгын ажил нь чанар, стандартын шаардлага хангаагүйн улмаас эвдрэл гэмтэл үүсч, тус автозамаар зорчигч иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул уг төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, санхүүжилт олгосон тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтнуудыг, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанийн удирдлагатай нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж өгнө үү” гэжээ.
Тамын 50 гэж нэрлэгддэг Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50,0 км, 27,0 км автозам, мөн Чойбалсан хотын 5,5 км автозамыг Чайна Гео Инженеринг ХХК, Хансуун зам ХХК, Арц суварга ХХК-иуд ажилласан байдаг аж.
Шатахуун түгээгчээс Дорнод аймгийн Засаг дарга болтлоо томорч, улмаар УИХ-ын гишүүн болж, хууль тогтоох дээд байгууллагад “залрах” болсон түүнийг үнэхээр шударга нь дийлсэндээ Авлигатай тэмцэх газарт хандав уу, хэн нэг нь хатгаад гомдол өргөн бариулчихав уу гэж сонжиж сууна.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө тэрбээр Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан жилээ төрд алба хашсан гэж мэдүүлж, Дорнод аймгийн Засаг дарга болохоор зарга үүсгэн, шүүхэд хандсан ч ялагдаж байв.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2743195/