Африкийн хамгийн их хүн амтай улсад болсон үерийн улмаас дор хаяж 170 хүн нас барж, 200,000 гаруй хүн дүрвэсэн гэж Нигерийн гамшгаас хамгаалах агентлагийн төлөөлөгч “CNN”-д мэдэгдэв.
Нигерийн хойд хэсэг үерт хамгийн ихээр нэрвэгдлээ гэж тус улсын Онцгой байдлын үндэсний газар мэдээлжээ. Аадар бороо орж, Нигер, Бенуэ хоёр голын усны түвшин нэмэгдэж байгаа нь ард иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй. Нигерийн зарим бүс нутаг борооны улиралд үерт өртөмтгий байдаг. Гэхдээ энэ жил өмнө нь хэзээ ч үер болж байгаагүй газарт болсон байна.
Байгаль орчны мэргэжилтнүүд тус улсад жил бүр тохиолддог үерийн шалтгааныг ус зайлуулах дэд бүтэц муу байгаатай холбон тайлбарлаж байна.
Өмнө нь 2022 онд улсын хэмжээнд 600 гаруй хүн үерийн улмаас амиа алдсан нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиолдсон хамгийн аймшигтай үе болсон. Эрх баригчдын хувьд үер болсныг их хэмжээний хур тунадас, Камеруны Лагдо далан хальсантай холбон тайлбарлаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Нигерийн Ус судлалын агентлаг (NIHSA) хөрш зэргэлдээх Малиасаас ирж буй үерийн ус "Нигери рүү аажмаар шилжинэ" гэж анхааруулж, Нигер мөрний дагуу байрладаг мужуудыг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байжээ. Тус улсын цаг уурын агентлаг “NIMET” мөн улс орон даяар үер усны аюулаас сэрэмжлүүлсэн юм. Сүүлийн үеийн үерийн улмаас 2000 орчим хүн гэмтэж бэртэж, 100 гаруй мянган га тариалангийн талбай сүйдсэн байна.
Эх сурвалж: CNN