Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан тогтмол импортлох арга замыг судалж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.
Түүхий гангийн хоёр дахь том үйлдвэрлэгч Энэтхэгийн үйлдвэрүүд өнгөрсөн жил Австралийн коксжих нүүрсний тогтворгүй нийлүүлэлттэй тулгарч, Засгийн газар нь түлшний эх үүсвэрийг төрөлжүүлэхээр Монгол руу төлөөлөгчдөө илгээсэн. Хэдийгээр урт зам туулах хэдий ч Энэтхэгийн гангийн компаниуд Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан импортлох асуудлыг авч үзэх болно гэж нэрээ нууцалсан албаны хүн мэдэгдсэнийг Ройтерс онцолжээ.
"Хятадаар дамжуулан нийлүүлэхэд асуудалтай бөгөөд хэрэв Оросоор дамжвал илүү урт зам туулна” гэж эх сурвалж мэдээлсэн байна. Австралийн нийлүүлэлт тасалдсаны дараа Энэтхэгийн үйлдвэрүүд Монголоос коксжих нүүрсийг тогтмол нийлүүлэх маршрутыг боловсруулахаар ажиллаж байна.
Далайд гарцгүй боловч байгалийн баялаг ихтэй Монгол Улсын коксжих нүүрс дээд зэргийн агуулгатайг салбарынхан хэлдэг. Тус улсын нүүрс нэг тонн нь Австралийнхаас 50 доллараар хямд. 2020 оны зургадугаар сард Гималайн хил дээр болсон цэргийн мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэнээс хойш Азийн “аваргуудын” харилцаа хурцадсан. Энэтхэгийн гангийн компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд нийт хэрэгцээний 85 хувийг импортоор хангадаг. Энэтхэгийн коксжих нүүрсний жилийн импортын талаас илүү хувийг Австрали эзэлдэг. Үүнээс гадна Энэтхэг Орос, АНУ болон бусад цөөн хэдэн орноос коксжих нүүрс импортолдог.
скачать dle 12.0