Засгийн газрын 362 дугаар тогтоолоор 2023 оноос эхлэн олон улсын нүүрс тээврийн "С"зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүтэй олборлолт эрхэлдэг аж ахуй нэгж олгох болсон ч Хятадын талаас “Компани цаашдаа "С" зөвшөөрлийг олгоод явбал 2025 онд дахин гэрээ хийхгүй” гэдэг мэдэгдлийг ирүүлжээ.
Энэ тухай Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүдэд эхний байдлаар мэдээлэл өгөөд байна. Иймээс дээрх асуудлыг энэ долоо хоногт багтаан Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх юм.
Нүүрс тээврийн "С" зөвшөөрөл бол Монголын нүүрсийг Хятад руу экспортод гаргаж, валют олоход дэмжлэг үзүүлж буй чухал хэрэгсэл. Хятадаас өгч буй сануулгыг хүлээн авахгүй бол ирэх жил Монгол Улс 83.3 сая тонн нүүрс экспортолж чадах эсэх эргэлзээтэй болно. Учир нь, мухар төмөр замтай улсад нүүрсээ автомашинаар зөөж хил гаргахаас өөр сонголт одоохондоо үгүй байгаа юм. Иймээс олон улсын нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг хуучнаар Авто тээврийн үндэсний төв өдөг байсан зохицуулалтаа эргэн сэргээх үү, аль эсвэл өөр механизм хайж олох уу гэдэг нь энэ долоо хоногт эцэс болох нь. Хятадын талаас тавьсан мэдэгдэлд “С зөвшөөрлийг олгох асуудлыг анх Монгол Улсын төр захиргааны төв байгууллагатай хийсэн учраас компани цаашдаа олгоод явбал 2025 онд дахин гэрээ хийхгүй” гэсэн агуулгатай мэдэгдэл ирүүлсэн юм байна.
Нүүрс тээврийн "С" зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжид шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарснаас хойш энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тээврийн компаниуд дуугүй суугаагүй гэж хэлж болно. Тухайлбал, 2023 оны аравдугаар сарын эхээр “Монгол тээвэр нэгдэл”-ийн төлөөлөл компаниуд хэвлэлийн хурал хийж, олон улс хоорондын нүүрс тэвээрлэлтийн "С" зөвшөөрлийг хуулийн дагуу олгохыг шаардаж байв.
Тэдний зүгээс “Олон улс хоорондын нүүрс тээврийн зөвшөөрлийг нээлттэй олгож байгаа гэдэг ч үгүй. Улирал тутамд зөвшөөрөл хүсч мэдүүлэг бөглөж байгаа машины тоо өсч байна. Өнгөрсөн улиралд 14 мянган машин байсан бол энэ улиралд 18 мянга болсон. Энэ олон тээврийн хэрэгслийн тооноос болж "Эрдэнэс Тавантолгой" компани Зам тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг компани биш учир асуудал гарч байна. Угтаа үүнийг Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хариуцаж хэрэгжүүлэх ёстой.
“Эрдэнэс Тавантолгой”компани бол зүгээр уул уурхайн компани. Авто тээвэртэй ямар ч холбоогүй. Мэргэжлийн баг, хүмүүс нэг ч байдаггүй байж "С" зөвшөөрлийг хувь тэнцүүлж олгож байна.
18 мянга гаруй машин хүсэлт өглөө гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанид оногдож байгаа 4000 гаруй машинд зөвшөөрлийг хувь тэнцүүлээд олгож байгаа. Үүнийхээ дараа зөвшөөрөл олгосон гээд цахим хуудастаа тавьдаг. Энийг шилэн ажиллаж байна гэж хэлж болохгүй” гэж мэдэгдэж байв.
Мөн Баянзам тээвэрчдийн холбоо Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “4680 С зөвшөөрлийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК олгодог. Энэ явцад өргөтгөсөн тээвэр нэртэй өдөр бүр тээвэрт явдаг давуу эрхийг бий болгосон. 40 "С "зөвшөөрлийг дөрвөн өрөө байраар сольж байна. С зөвшөөрлийг баттай гаргаж өгнө ч гэдэг болсон” гэж асуудал хөндөж байсан юм.
Харин Зам тээврийн хөгжлийн сайд асан С.Бямбацогт “Covid-19 цар тахал дэгдэхээс өмнө "С" зөвшөөрлийн авлига хоёр сая төгрөгийн ханштай байсан бол одоо 20 сая төгрөг хүрсэн тухай ярих боллоо. Монгол жолооч арав хоноод нэг удаа тээвэр хийдэг бол зарим компанийн жолооч өдөр бүр тээвэр хийдэг юм байна. Хуучин Тавантолгой- Гашуунсухайт дээр "С" зөвшөөрөл авахад хүнд сурталтай байсан бол одоо бүх боомт, бүх уурхайнууд дээр асуудалтай боллоо гэж жолооч нар ярих боллоо. Хүнд суртал байх ёсгүй” гэж мэдэгдэж байсан удаатай.
Уг нь Засгийн газар Авто тээврийн үндэсний төвийг дагасан "С" зөвшөөрлийн авлигыг зогсоохын тулд 362 дугаар тогтоолыг баталж, нүүрс олборлогч компани "С" зөвшөөрлийг олгодог байхаар зохицуулалт хийсэн.
Ингэснээр БНХАУ, Монгол Улс хооронд байгуулсан гэрээний дагуу Гашуун сухайт боомтоор нэвтрэх олон улсын ачаа тээврийн 7800 "С" зөвшөөрлийг улирал бүр олгохоор болж, энэхүү квотдоо багтаахаар болсон. Тэр дагуу 60 хувь буюу 4680 "С" зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 25 хувийг “Энержи ресурс” компани, үлдсэн 15 хувийг орон нутгийн өмчит жижиг “Тавантолгой” компани тус бүр олгох болсон. "С" зөвшөөрлийг цахимаар олгож ирсэн. Гэвч хоёр жил хүрэхгүй хугацаанд хэрэгжээд энэ схемийг өөрчлөх сануулгатай тулгараад байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2760555/