МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ. Өнөө өглөө Нью-Йоркийн таваарын Comex биржийн арилжааны явцад хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс гэрээний үнэ өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийнхээс 40 орчим ам.доллароор буюу 0.8 хувиар өсөж, нэг унц нь 5025 ам.долларт хүрсэн байна.
Мөнгөний үнэ мөн өсөж, унц нь 104 ам.доллароос давжээ. Арилжаачид Гренландын талаар АНУ-ын эрх баригчдын авч буй алхмуудыг анхааралтай ажиглаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Д.Трамп Давосын чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, Гренландын талаар байгуулах урт хугацааны хэлэлцээрийг одоо ярилцаж байгаа, хэлэлцээрийн хугацаа “мөнхөд” үргэлжилнэ гэж мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалтынхаа дараа Гренландтай холбоотой хэлэлцээрийн үндэс суурь тавигдсан гэж онцолсон байна.
Хөрөнгө оруулагчид мөн АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд учирч болзошгүй аюулыг үнэлж байна.
Тус байгууллагын тэргүүн Жером Пауэллийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусах бөгөөд Д.Трамп бодлогын хүүг хэт удаан бууруулж байна хэмээн түүнийг огцрохыг уриалж байсан хэдий ч Холбооны нөөцийн сангийн бие даасан байдалд халдсан гэх шүүмжлэл үүсэхээс болгоомжилж тэрбээр өөрөө шууд огцруулаагүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч уг албан тушаалд нэр дэвшигчийг ойрын хугацаанд зарлана гэж мэдэгдээд, Цагаан ордны үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассеттыг хэлж буйгаа битүүгээр илэрхийлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
























