Сурвалжилга:Их сургууль төгссөн ч амьдралын төлөө, авгай хүүхдээ тэжээхийн төлөө энд халтайж явна

-Цагаанхаданд хар зах зээл утгаараа хөгжжээ-



Өмнгөвь аймгийн Ханбогд сумын
нутаг дэвсгэр Цагаанхаданд хэд хоногийн өмнө очиж хэвлэлийнхэн ажиллалаа. Өглөө очсоныг хэлэхүү, ид ажил өрнөж, том тэрэгнүүд хөдөлгөөнд орсон байв. Тавантолгойгоос Цагаанхад хүртэлх 230 км замыг их нарийнхан хар замаар явж туулна. Ийм зам дээр хоёр том машин зөрнө гэдэг их эвгүй. Тиймээс хоёр жилийн өмнө хажууд нь хос зам тавих ажлыг эхлүүлсэн ч зам баригдаагүй байв.
Цагаанхадыг алсаас харахад нүүгэлтсэн их хар тоосон дунд тэнгэр
, газар гэж мэдэгдэх юм алга. Хэтрүүлбэл, нүүрс агаарт хийсэж замхраад байх шиг.

Суурьшлын төв рүү нь дөхөх тусам бохир орчин, хар тоос тэнгэр баганадаж, нүүрс ачсан урт дараалал үүсгэсэн том тэргүүд ар араасаа зогссон нь галт тэрэг шиг харагдана. Тэр их бохир тоос шороонд ямар ч хүн олигтой цэвэрхэн байхын эцэс алга. Тоосжилт, агаарын бохирдол дээд цэгтээ хүрчээ.
Пад хар хувцастай, хар
, цэнхэр маск зүүж, өмссөн малгайны цаанаас гялалзсан хоёр нүд, шүд харагдахаас өөр зүйл харагдахгүй юм. Жолооч нарыг “явдаг хар нүүрсүүд” гэж хочлох юм. Ер нь бол хар цамц, өмд, хар малгай, маск зүүсэн хүмүүс.
Уртаас урт дараалал үүсгэсэн том машины хажуугаар ундааны сав,
хог новш хөглөрнө. Бохир гялгар уут, нойлын цаас агаарт хийсч, толгой дээр “бүжиглэнэ”. Толгой дээр бууж, хувцсанд наалдаж, аманд ороход нэг их гайхах зүйл алга.
Зам дагуу
ногоон хувцастай, цагаан малгайтай цагдаа нар хэв журам сахиулж таарах ч тэдний өмссөн хувцас өнгөнөөсөө ялгарах юмгүй тас хар болжээ. Нүд нүүргүй шуурсан шороон шуурганд нүдээ анисан тэд ямар машин явж байгааг ч заримдаа харах сөхөөгүй нөмөр нөөлөг газар бараадаж зогсоно.



“Амьдралын төлөө, авгай хүүхдээ тэжээхийн төлөө энд халтайж явна”
Цагаанхаданд
өнөөдрийн байдлаар 15 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн дунджаар 3 ам бүл тэжээдэг гэхээр 50 мянган хүний ар амьдрал энд өрнөж байна гэсэн үг юм. Эмэгтэй жолооч нар цөөнгүй. Энд 130 гаруй эмэгтэй ар гэрээ тэжээхийн тулд жолооч хийж, том тэрэг барьж, нүүрс тээвэрлэж байгаа гэх.  
Бум бужигнаж түм түжигнэж газар. Яг төвд нь ороо ирэхээр, жижиг тэрэгнүүд холхилдож, машин унасан эмэгтэйчүүд “Халуун хоол цай, хуушуур байна” гэж хашгирна. Тас хар шороонд дарагдаж өнгөө алдсан Приусийн жолооч нар “Одоо хот гарлаа, нэг хүн байна уу, хоёр хүн байна уу” гэж орилж холхино.
Зам дагуу барьсан гэрүүд яг хөмөрсөн хар тогоо шиг харагдана. Тэр их шуурганд зарим гэрийнх нь бүрээс тэсэхийн аргагүй дэрвэлзэнэ.
Аж амьдралаа бодож, эрүүл мэнд бүх зүйлээ зольж байгаа олон мянган залуус хол газар цөлөгдөж, төрд шоовдордлогдсон байна. Жолооч нарын хэлж байгаа ганц үг нь “Амьдралын төлөө, авгай хүүхдээ тэжээхийн төлөө энд халтайж явна” гэнэ.
Энд ямар ч хууль дүрэм гэж алга. Орчин гэж үнэхээр аймшигтай. Уурхайн амнаас нүүрсээ ачуулж аваад хил гарч байвал болоо гэсэн хандлагаар ажиллаж, өдөр хоногийг хэцүүхэн өнгөрөөж байна.
Хэдэн хоног оочерлож байж хил гарахаа мэдэхгүй залуус бүх амьдралаа кабинд өнгөрүүлнэ гэдэг үнэхээр эмгэнэлтэй юм. Тав таван алхмын зайтай зогссон том тэргэн дотроо шувуу шиг суух эрчүүд
эд утас нь хань болж байна. Зарим нь хувцсаа угаана, машиныхаа гадаа сууж буу хална, хамтдаа хоолоо хийж иднэ гэх мэтээр аж төрж, ажиллаж байгаа дүр зургийг олж харлаа.
Байгалийн баялагаа урагш зөөвөрлөж гаргаж байгаа тэдний ажлын нөхцөл, орчин яагаад дээрддэггүй юм бол. Хэдэн жил ийм бохир, хүнд орчинд ажиллаж, эрүүл мэнд амь насаараа хохирох ёстой юм бол.
Цагаанхаданд өдөр болгон бараг осол аваар гарч байна. 
Үнэндээ бол тэдэнд алсын хараа, төрийн бодлого хэрэгтэй байна. Монгол хүмүүсийн үнэ цэн
э гэж алга. Холбогдох яам болон Засгийн газрын дарга ирээд “Ажиллах орчныг сайжруулна, замыг нь засварлана. Сайхан болгоно. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулна, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ” гэж попорч байгаад явдаг гэх юм.
Яг үүсээд байгаа нөхцөл байдлыг нь ойлгож зовлонг нь сонсдоггүй талаар жолооч нар гомдолтой байна.


Сая төгрөг авахын тулд Хятадуудад гөлөгөөрөө дуудуулж, зодуулж байна
Хоёр их, дээд сургууль төгссөн идэр насны залуу энд том тэрэг жолоодож явна. Хайран сайхан залуус минь тэнд зүгээр  "явдаг хар нүүрс” болжээ.  
Идэр насны залууст сайхан амьдрал, гоё мөрөөдөл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж байх ёстой. Гэтэл тэд амьдралын төлөө махарч зүтгэнэ. Ямар их саад бэрхшээл, тэвчээрийг туулдаг юм бэ. Тэвчээртэй хүн л хэдэн хоног оочерлож байж хил гарч чадах юм байна. Нэг явалтандаа сая гаруй төгрөгийн цалин авахын тулд манай залуус Хятадуудад гөл
өгөөрөө дуудуулж, зодуулж хараалгах бол бүр энүүхэнд.
Ихэнх нь хятад компанийн том тэрэг барьдаг болохоор тийм авирыг нь тэвчээд гардаг талаараа нэгэн жолооч ийнхүү ярив.
Нийт тээвэрчдийн 90 гаруй хувь нь Хятадуудын ажлыг хийж өгч байна.
Тэрбээр “Би өөрийн гэсэн машингүй. Хятад компанийн машин барьдаг. Нэг рейсэндээ 800 мянгаас нэг сая хүртэлх цалинтай. Гэхдээ тэндээсээ хоол шатахууны зардлаа хасна. Ингэхээр гар дээр бэлэн хэдэн төгрөг ирэх билээ. Хятадууд их зэвүүн шүү дээ. Монголчуудыг хооронд алалцуулж байна. Тэдний машиныг барьж байгаа болохоор гөлөгөөрөө дуудуулж, зодуулах энүүхэнд. Хилийн цаана байгаа олон хашаа дамжиж нүүрсээ буулгадаг тэр үйл явцыг сурвалжлах хэрэгтэй. Энэ Монголын нутаг дэвсгэр дээрээ яахуудээ хэдэн хоног оочерлоод хилээр гарна. Хамгийн хэцүү зүйл нь хилийн цаадахь Хятадууд болчихоод байна” гэв.
Түүний хувьд машиндаа нүүрс тээвэрлэж хашаанаасаа гарч ирээд 300 метрийн зайнд хоёр хонож байгаагаа ч  ярив. Тэгэхээр оочер дараалал ямар байгаа нь ойлгомжтой байгаа биз. Дэлхийг төвхнүүлж эрхшээж явсан эрчүүд минь дээ, ингэж явах гэж, ингэж амьдрах гэж дээ.

Хар зах зээл хөгжжээ

Цагаанхаданд хар зах зээл утгаараа хөгжсөн газар бололтой. Нүүрсний цувааг дагаж 10 гаруй мянган хүн суурьшиж худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Тэдэнд зарахгүй юм гэж алга. Есөн шидийн юм зарж борлуулдаг гэх. Үсчин, буудал, караоке, баар гэх мэт нэг дор төвлөрчээ. Бас нөгөөтэйгүүр нууцаар биеэ үнэлэлт их байдаг талаар жолооч нарын төлөөлөл ярьж байна.
Зарим хүнсний дэлгүүрт бараа нь хомс сонголтгүй байх. Дээр нь хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссан байгаа нь харагдана. Тухайлбал, он сар нь олон хоногоор өнгөрч хатсан хиам, боорцог боовыг жолооч нар торлож аваад машин руугаа явж байгаа харагдав. Худалдагч нь “Жолооч нар он сар хардаггүй юм” гэж хэнэггүй хэлнэ.

Жолооч нар эмнэлэгийн үйлчилгээ авч чаддаггүй

Цагаанхаданд эмч, эмнэлгийн үйлчилгээ гэж байхгүй. Гэсэн хэдий ч жолооч нарт өндөр үнээр эм тариа зардаг хүн байна. Бүр монополь бий болгочихсон. Түүнээс жолооч нар эм авах гэж бөөн юм болдог. Толгой өвдөх, ходоод хямрах, үе мөч өвдөх зэрэгт өөрсдөө дур мэдээд эм аваад уучихдаг.
Тэр ч бүү хэл эмнэлгийн үзлэг үйлчилгээнд орж үзээгүй 7 жил нүүрс тээвэрлэж байгаа жолооч ч байна. Тэрбээр бие өвдлөө, жаахан ядарлаа гэхэд тэр эмэгтэйгээс өвчин намдаах эм аваад уучихдаг гэнэ.


Гуанзны хоол нь 9000-11000 төгрөгийн үнэтэй

Цагаанхадны төв дотор хар нүүрс, утаа униарт дарагдсан гуанз нэртэй гэрүүд олон. Бас жижигхэн дөрвөлжин сэндвичэн байрууд бий. Тэдний “Хоолны газар” гэж бичсэн хаяг харагдах эцэсгүй тоос тортгонд дарагджээ.
Бид нэг гуанзанд орлоо. Ширээ нь нуль шороо, цагаан аяганы гаднах тал нь хар. Жолооч нарын хувьд түүнийг тоож байгаа зүйл байхгүй. Хоолны цэсийг нь харлаа, их үнэтэй юм. Жолооч нар ихэвчлэн мобейл банк ашиглаж тооцоогоо хийчихдэг аж. Хоолны порц арвин
байж цадаж л байвал амт шимт, ямар материалаар хийсэн нь хамаагүй гэж ярина.
Амт чанарын хувьд олигтой, сайнгүй ч их үнэтэй юм. Тухайлбал, 9000-11000 төгрөгийн ханштай.
Хуушуур 1500 төгрөг. Банштай ногоотой шөлийнх нь баншны мах нь муудчихсан. Ногоо нь үнэр орсон. Мах гэж байхгүй, дан өөх булчирхай хийсэн байхыг нь хэлэхээр тогооч нь хүлээж авахгүй “Яах гэж авч идсэн юм” гэж хэрэлдэнэ.

Ажлыг минь ойлгохгүйгээс болж эхнэр хүүхэд минь орхисон

“Ажиллах орчин нөхцөл хүнд болохоос олон мянган айлын ар гэрийг тэжээж байгаа газар даа” гэж ярих жолооч нар ч байна. Ийм орчинд юуны төлөө ажиллаж байна гэхээр “Амьдралын төлөө. Хотод олигтой ажил байхгүй шүү дээ, цалин хөлс ч тааруу. Ар гэрээ тэжээхийн тулд ийм замыг сонгож байна. Гэвч ар гэрийн хүн ойлгохгүй хүүхдүүдээ аваад салсан. Хүүхдүүдээрээ дарамталж надаас мөнгө байнга нэхдэг. Хоёр хүүгийнхээ төлөө ажиллаж байна” гэж жолооч Г.Хуяг ярилаа.
Гэхдээ олон айлын амьдралыг тэжээж тэтгэж байгаа газар. Олон аавын хүү, ээжийн охин эндээс амь амьдралаа залгуулж байгаа.

Хүнд нөхцөлд ажилладаг эр нөхрүүдээ эхнэрүүд нь ойлгодог байгаасай

Монгол хүн тэр дундаа гэр орондоо ханхайж налайж байх монгол эрчүүдийн үнэлэмж хаа байна вэ. Хөсөр хаягдсан уу.
Урд том тэрэг барьж байгаа гэхээр нэг л их баян хүн байдаг гэсэн ойлголт олны дунд байдаг бололтой. Үнэхээр хүнд нөхцөлд шөнө унтах нойроо хугаслаж, амрах цагаа харамлан зүтгэж яваа эр нөхрүүдээ эхнэрүүд нь хайрладаг өрөвддөг байгаасай. Хөдөлмөрийг нь үнэлдэг байя. Та нарын идэх хоол, өмсөх хувцасны мөнгийг олох гэж, ар гэрээ аятайхан байлгах гэж тэд амралтгүй зүтгэнэ.
3-5 сар гэрийн бараа харахгүй байгаа хүнийг эхнэр, хүүхэд нь ойлгодоггүй бололтой. Тиймээс гэр бүл салж сарниж байна. Салсан эхнэр нь хүүхдээрээ дарамталж байнга мөнгө нэхдэг гэх залуу ч байв.
Үнэхээр хайртай дуртай, хамтын амьдралаа өөд татахын тулд хар нүүрстэй
зууралдаж яваа эр нөхөртөө эргэлтээр байнга эргэж очдог эхнэрүүд байдаг бололтой.




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ