Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Цагаан хад суурьшлын бүсэд гарах халдварын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор үйл ажиллагааг нь 14 хоногийн хугацаанд түр зогсоожээ. Уг суурьшлыг "ногоон бүс" болгон орж, гарах хөдөлгөөнд зохицуулалт хийн ажиллаж байсан ч ийнхүү халдвар илэрчээ.
Мөн БНХАУ-ын “SXCoal” хэвлэлд Монголын нүүрс тээврийн жолооч нарын “PCR” шинжилгээнээс дахин коронавирусийн халдвар илэрч, даваа гаригт Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хиллэдэг Ганцмод боомтын үйл ажиллагааг зогсоосон. Улмаар Хятадын зах зээлд цар тахлын хязгаарлалтын улмаас Монголын коксжих нүүрсний импорт зогсож болзошгүй тухай мэдээлжээ.
Харин Оюутолгойн зэсийн тээвэр хэвийн явж байгаа аж. Хятадын талаас хэд хоногийн хязгааалалт тавих мэдээллийг албан ёсоор ирүүлээгүй байна. Мөн Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод нүүрс тээврийн монгол жолоочоос "COVID-19"-ийн халдвар илэрч, Хятадын талаас Зүүн үзэмчин хошуу боомтын үйл ажиллагааг 14 хоног хаажээ.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр Даляний түүхий эдийн бирж дээрх коксжих нүүрсний фючерс ханш түүхэнд байгаагүй буюу 8 хувиар огцом өсч, тонн тутамд 2420-3053 юаньд хүрснээс гадна коксжих нүүрсний экспорт доголдсоноор Хятадын зах зээлд эрэлт бий болж, зөвхөн энэ сард нүүрсний ханш дунджаар тонн тутамд 300 юаниар нэмэгджээ.
Монгол Улс Хятадын зах зээл дээрх коксжих нүүрсний импортын биет хэмжээний гуравны нэгээс илүү хувийг дангаараа бүрдүүлдэг билээ.
ЭХ СУРВАЛЖ: SXCoal