
Монгол Улсын экспортын гол гарц, эдийн засгийн суурь болсон Гашуунсухайт боомт, Цагаанхад суурьшлын бүс болон нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл байдалтай Сангийн сайд Б.Жавхлан, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй холбогдох хүмүүс газар дээр нь очиж танилцан, шаардлагатай чухал шийдвэрүүдийг гаргажээ.
Сангийн сайд Б.Жавхлан нүүрс тээврийн үйл ажиллагаа, гаалийн хяналтын бүсийн нөхцөл байдалтай танилцан жолооч нартай биечлэн уулзан, тэдний саналыг сонсоод Монгол улсын Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу баригдсан "Тайван зогсоол” цогцолборыг Гаалийн хяналтын бүс болгох шийдвэрийг гаргаж Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад үүрэг чиглэл өгчээ. Ингэснээр нүүрс тээврийн машинууд нэгдсэн зогсоолд орж, нүүрс тээврээ хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

"Тайван зогсоол" цогцолбор эмнэлгийн барилгыг бүрэн дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Одоо тус эмнэлэгт 10 мянга гаруй жолооч, иргэдэд халдварын эсрэг вакцинжуулалтыг хийж байна.


