Гашуунсухайтын хилийн боомтод Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа.
Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.
Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа. Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани  ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав.
 
 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна.
 
 
Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” гэлээ.
 
сонин mn
 
Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан “УХААЛАГ ГАРЦ”-ын систем нэвтрүүлэн бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр терминалаас ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Мөн уртын (20:30-7:30) болон богинын (8:00-20:00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар харилцаа үүсэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Энэ хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм.
 
сонин mn
 
Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад  чиглэл болголоо.
Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод ПГУ шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөх, хилийн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх “Ногоон гарц” түр журмыг батлах зэрэг асуудлыг тавьсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх үүрэг өглөө.
 
сонин mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ