БНХАУ-ын Эрээн хотод 2021 оны аравдугаар сарын 15-нд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Замын-Үүд, Эрээний боомтыг түр хаагаад байгаа билээ.
Хөл хориог хэзээ цуцлах талаар тодорхой мэдээлэлгүй байна. Гэхдээ хөл хориог халдваргүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дараа цуцална гэж Эрээн хотын онцгой комисс мэдэгдэж байгаа. Гэвч арваннэгдүгээр сарын 8-нд Эрээн хотод 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Ингэхдээ Шилийн гол аймгаас ирж, ажиллаж буй сувилагчаас илэрсэн юм. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн дундаас халдвар илрээгүй, улаан бүсэд ажиллаж байгаа сувилагчаас илэрсэн билээ.
Тэгвэл эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрээн хотод энэ сарын 13-наас эхлэн хөл хориог бага зэрэг сулруулахаар болсон байна. Ингэхдээ нэг айлаас нэг хүн гарч хүнсээ авах, хүнсний зарим дэлгүүрийг тодорхой цагт ажиллуулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрээний хөл хориог цуцаллаа" гэсэн мэдээлэл цацагдсан ч энэ нь худал мэдээлэл аж.
Урьдчилсан таамгаар бол БНХАУ-д дотоодын баяр тохиож, хот хоорондын хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор халдвар тархсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс нарийн ногоо, зарим төрлийн хүнсний хомсдолд орж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байгаа тул Эрээнээс 10 вагон нарийн ногоо, жимс ирээд байгаа билээ. Цаашид ч төмөр замаар тээвэрлэх боломжтой ачааг Монгол руу явуулахаар тохиролцжээ.