​Гашуунсухайтыг Ганц модтой төмөр замаар холбоход 1.6 жил, Хангийг Мандалтай холбоход нэг сар л болно гэв

Монгол Улс 2022 онд урд хөрш рүү гарах хоёр ч төмөр замын төслийг амжилттай дуусгаснаа зарлав. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км I зэрэглэлийн төмөр замыг өнгөрсөн есдүгээр сард барьж дуусганаа зарлаж, нээлтээ хийв. Сая, арваннэгдүгээр сарын 25-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км III зэрэглэлийн төмөр замыг барьж дуусгав. Эл хоёр зам нь хоёулаа л Монголын экспортыг дэлхийн зах зээлд хүргэхэд чухал ач холбогдолтой төслүүд юм. Гэвч Монголын барьсан төмөр замууд гол зах зээл буюу БНХАУ-тай холбогдож чадсангүй. Гашуунсухайтын төмөр замыг Хятадын Ганц мод боомтой холбоход 7 км, Хангийн төмөр замыг Хятадын Мандал боомтой холбоход 8 км дутуу байгаа юм.

Гашуунсухайтын төмөр замын хил холболтын цэгийг тохирсон ч уулзах цэгээс зөрсөн учраас мухарджээ. 

Эх сурвалжийн мэдээллээр Гашуунсухайтын төмөр замыг Ганц мод боомттой холбоход 1.6-2 жил шаардлагатай бөгөөд одоогоор хил холболтын зураг төсөл гараагүй, нэлээд хэмжээний санхүүжилт орохоор байгаа аж. Гашуунсухайтын төмөр замын холболтын цэгт царигийн тохируулга хийнэ, газрын хэвгийн  нэлээд өндөр, бартаа ихтэй учраас хоёр улсын төмөр замыг холбоход асуудал үүсчээ.

Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Ваньруй хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Гашуунсухайтын төмөр зам Хятадын хил хүрэхэд 20 км гаруй дутуу байгаа. Хятадын төмөр зам хил дээр ирцэн. Гэхдээ уулзах цэгийн өндөржилт 20 м гаруйгаар зөрсөн учир Монголын тал 20 гаруй км урт, 20 гаруй метр өндөр гүүр барих ёстой" гэжээ. Өөрөөр хэлбэл, хил холболтын цэг зөрснөөс гадна газрын хэвгийн өндөр учраас зардал, хугацаа шаардах нь. Хоёр улсын төмөр зам холбогдох хүртэл авто машинаар нүүрсээ гаргаж таарна. 

Харин Хангийг Хятадын Мандал боомттой төмөр замаар холбоход Гашуунсухайт шиг урт хугацаа орохгүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, төслийн гүйцэтгэгчид онцолж байсан. Нэгд, Мандал боомтоос 8 км-ийн наана өргөн, нарийн хос цариг тулж ирсэн. Хятадын тал хил холболтын цэгээ эцэслэж, энэ хоёр замын аль нэгээр нь холбогдоно. Хоёрт, хил холболт хийх газар нь бартаа бага, газрын хэвгий өндөр биш учраас богино хугацаанд төмөр замууд нийлэх боломжтой аж. Төслийн гүйцэтгэгч "Монголиан Транс Лайн" ХХК-д Хятадын талаас мэдээлэхдээ "Хятадын төр засгийн зүгээс хил холболтын цэгээ эцэслэн мэдэгдвэл нэг сарын дотор дутуу төмөр замыг барьж, замуудыг холбох боломжтой" гэдгээ мэдэгдсэн байна. 

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэрх хамтарсан мэдэгдэлд "Хоёр улсын  хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээнэ" гэдгээ зарласан. Тэгэхээр төмөр замаар холбогдох хамгийн боломжит шинэ гарц нь Ханги-Мандалын боомт гэсэн үг. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ