Лондон коллеж их сургуулийн Олон улсын судалгааны сангаас санхүүжүүлж, Мельбурны их сургуулийн судлаачид "Гэр өргөө", "Паблик лаб Монголиа" зэрэг дотоодын байгууллагуудтай хамтран "УНАА" буюу "UNAA - Ulaanbaatar Accessibility Appraisal" судалгааг хийжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдын чөлөөтэй зорчиход тушаа болдог бэрхшээлүүдийг тодорхойлох, оновчтой шийдэл олох зорилготой судалгааны үр дүнд дараах дүгнэлтийг гаргасан байна.
1. Гэр хорооллын оршин суугчдын хувьд зорчих хөдөлгөөнд оролцох нь илт хүндрэлтэй.
Зорчих хөдөлгөөний хүндрэл нь зарцуулж байгаа цагаас хамгийн тод харагдаж байна. Жишээлбэл, судалгааны нэг байршлын эмэгтэйчүүд аяллын нэг талд дунджаар 34 минут, өөр байршлын судалгаанд оролцсон эрэгтэйчүүд аяллын нэг талд 67 минут зарцуулж ажилдаа очиж байна.
Энэ нь гэр хороололд амьдарч буй иргэд гэр-ажлын хооронд зорчихдоо нэг өдөрт хоёроос илүү цаг зарцуулж байгаа нь олон улсын дундаж буюу нэг өдөрт 40 минут зарцуулах (OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, 2016 он) үзүүлэлтээс маш өндөр байна.
Ялангуяа, Улаанбаатар шиг 1.5 сая хүнтэй, жижиг хотын хэмжээнд ийм цаг зарцуулж байгаа нь хэт урт хугацаа юм. Үүний шалтгаан нь гэр хороолол дах нийтийн тээврийн хүртээмж хангалтгүйгээс гадна хотын хэмжээний зам ачаалал тээврийн үйлчилгээг удаашруулж байгаа зэрэгтэй холбоотой. Түүнчлэн дулааны улиралд илүү урт хугацаа зарцуулдаг гэсэн улирлын ялгаа ажиглагдав.
2. Судалгааны гурван байршлын өрхийн гуравны нэгээс тал хүртэлх хувь нь хувийн машинтай эсвэл хүссэн үедээ машин унах боломжтой.
Хувийн машинтай ба машин унах боломжтой өрхийн олонх нь гэр хорооллын суурьшмал хэсэг болоод удаж буй байршилд олон жил амьдарсан иргэд байна. Тэдгээр иргэд мөн нийтийн тээврийн үйлчилгээнд илүү ойр амьдарч байна.
Хувийн машинаараа ажилдаа явдаг эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээс бараг хоёр дахин их байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн гуравны нэг нь, харин эмэгтэйчүүдийн зөвхөн тавны нэг нь хувийн машинаараа ажилдаа очдог.
3. Оршин суугчид өөр хоорондоо зохицон, хувийн машиндаа бусдыг дайх, бусдад дайгдах замаар хамтран зорчих нь харьцангуй бага байна.
Хувийн машинаар хамтарч зорчих нь гурван байршилд 20 хувиас 39 хүртэл хув байна. Судалгаанд оролцсон өрхийн талаас бага хувь нь хувийн машинаар зорчих боломжтой тул хорооны нутаг дэвсгэрээс бусад байршилд очиход гэрээсээ гарч алхаад автобусны буудал хүрч, цаашаа автобусаар явдаг.
Гэр хорооллын зарим хэсэгт хувийн машинаараа албан бус таксины үйлчилгээ хүргэж байгаа ч эдгээр нь цөөн чиглэлд зорчдог. Түүнчлэн энэ үйлчилгээ нь цагийн хуваарьгүй учраас иргэдийг хүлээлгэхээс гадна такси ирэх эсэх нь тодорхойгүй байдаг.
4. Нийтийн тээврийн эцсийн зогсоол хөгжсөн байршилд тухайн нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх нь түгээмэл байна.
Ач холбогдол бүхий эцсийн зогсоолын орчинд эдийн засгийн ажиллагаа төвлөрдөг учраас тухайн байршилд хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж буй нь судалгааны явцад ажиглагдлаа. Гэвч ерөнхийд нь авч үзвэл Улаанбаатар хотын төвийн хэсэг нь гэр хорооллын иргэдийн зонхилох хувьд ажил эрхлэх боломж олгодог газар юм.
5. Хувийн машинтай байх нь өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулах чухал хүчин зүйл гэж судалгаанд оролцогсод үзэж байна.
Ингэж үзэх нь хэд хэдэн зүйлээс хамааралтай байх талтай. Үүнд:
- Гэр хороолол дотор үйлчилдэг нийтийн тээврийн чанар муу, найдваргүй
- Гэрийнхээ орчимд зорчиход тулгардаг бэрхшээлүүд, ялангуяа эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээлүүд
- Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газарт хувийн машинтай байхын давуу тал, ая тухтай байдал гэжээ.