Нүүрс тээврийн жолооч Ням:Урдуур оочер дайруулж өөр машин оруулчихаад “ Өө энэ гаалийн машин та нарт хамаагүй” гэж хэлдэг



Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомт буюу Цагаанхаданд богины тээвэрлэлтэд явдаг нүүрс тээврийн жолооч нар хилээр гарахад ямар албан хаагчдад ямар хэмжээний авлига өгдөг, өгч байсан талаараа ярилаа.

Өөрөөр хэлбэл, Цагаан хаданд авлигын сүлжээ аалзны тор шиг нэхэгдэж, цэцэглэсэн байгаа гэдгийг тэнд ажиллаж байгаа 15 мянган жолоочийн төлөөлөл ярьж байна.

Тодруулбал, НАБТ-аас /Нүүрс ачиж буулгах талбай/ нүүрсээ ачиж, шороон замаар явж байгаа жолооч нар хилээр гарах гэж доод тал нь гурав хонодог байна. Харин засмал замаар явдаг нүүрс тээвэрлэлтийн жолооч нарыг хил дээрээс нэг их хүндрэл учруулахгүйгээр, хурдан шуурхай татаж оруулдаг талаар жолооч нар ярьсан юм.

Ингээд жолооч Нямаатай ярилцав. Тэрбээр бусдад авлига өгч байсан тул өөрийнхөө нэрийг бүтнээр хэлэхийг зөвшөөрөөгүй юм. Учир нь Цагаанхаданд үүрэлсэн муу муухай бүхнийг илчилснийхээ төлөө хил гаалийнхан болон замын цагдаа бусад байгууллагын алба хаагчдад “зуулгаж” хавчуулах тохиолдол гардаг тул эргээд аюулгүй байдлаа бодохгүй бол болохгүй гэсэн юм.

-Цагаанхаданд авлига хээл хахууль цэцэглэж, аалзны тор шиг хэрсэн байна гэж ярьдаг. Энэ үнэн юмуу?

-Нүүрс тээвэрлэлт гэлтгүй Монгол Улс бүхлээрээ авлигад идэгдсэн орон. Энэ Цагаанхаданд бол шат шатандаа авлига авдаг болсон. Бүр хэвийн үзэгдэл болжээ.

-Хамгийн гол нь та баримттай ярих ёстой юм шүү. Таны хувьд хилээр хурдан гарахын тулд хил гаалийнханд авлига өгч байсан уу. Хэдэн төгрөгийн авлига өгч байсан бэ. Нууж хаалгүй хэлэхэд?

-Миний хувьд өгч байсан. Хурдан хил гаалиар гарахын тулд тодорхой хэмжээний хахууль өгнө. Хамгийн гол нь хаана юунд өгөхөөс шалтгаалж хахуулийн хэмжээ гэж бий.

-Хил, гаалийн байцаагч нарын машинууд байдаг гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Тийм яриа байнга ярьж байдаг. Тэрнийх, тэр даргын энэ даргын машин гээд яриа байдаг. Бид НАБТ-ын талбайгаас нүүрсээ ачуулах гээд долоо хоног дугаарлаж зогсох тохиолдол бий. Олон хоног оочерлоод зогсч байхад урдуур өөр машинууд дайраад ордог. Тэгээд “Энэ юу болж байгаа юм бэ” гэж асуухаар “Өө энэ гаалийн машин та нарт хамаагүй” гэж хэлдэг. Шударга баймаар байна. Бид хэдэн хоног оочерлож арайхийж талбай руу ороход бидний урдуур тэр ч даргын машин, энэ ч гаалийн ажилтны машин гээд оочер дараалалгүй дайраад орж байх жишээний. Ийм баймааргүй байна.

-Урагшаа гарахад лац ломбоны мөнгө гэж хэдийг авдаг вэ. Үүнийг дагасан авлига цэцэглэсэн гэх юм билээ?

-Хил гарах ачаа буюу нүүрсийг баталгаажуулж байгаа зөвшөөрлийг лац гэж хэлээд байгаа юм. Гаалиас НАБТ /нүүрс ачиж буулгах талбай/ дээр тухайн өдрийнх нь ачих машинд лацаа тоолж өгдөг. Хэдэн машин нүүрс ачиж гарахаас шалтгаалаад зөвшөөрөл нь тоотой хязгаартай. Нэг лац нэг машинд ногдоно. Лацаа авчихсан машин хил нэвтэрнэ гэсэн үг. Гаалиас өгсөн лацаа компаниуд машиндаа тараах учраас хоорондоо наймаалцах тохиолдол бий. Бид НАБТ-д нүүрсээ ачуулахдаа хүртэл ковшинд мөнгө төлнө. Дарамт шахалт их байдаг учир зарим тохиолдолд авлига өгөхөөс өөр сонголт байхгүй. Лацыг бол гаалиас хувиарладаг.

-Та өөрөө лацны наймаа хийж байсан тохиолдол бий юу?

-Надад тийм зүйл байхгүй ч тийм яриа бол байдаг. Энэ жолооч нар бүгд мэдэж байгаа. Дам яриа сонсоход лац нь 1500-2000 юань хүрдэг гэх.

-Хил гаалийн ажилтнуудын хүнд суртал хэр бэ?

-Бид НАБТ-ын талбайгаас нүүрсээ ачаад зам дээрээ гарсан бол аль болох хурдан шуурхай хил дээрээ очихыг бодно. Хил гаалийнхан ч олон хоног зогсоогоод байхыг боддоггүй байлгүй дээ, түргэн шуурхай татах ёстой.Гэхдээ энэ шороон замаар явж байгаа машинууд бол арай удаан явдаг шүү. Урд талын засмал замын машинууддаа хурдан татаад байх шиг санагддаг юм. Энэ шороон зам бол хоёр эгнээгээр явж байгаа болохоор уддаг бололтой. Харин жижиг зөрчил дээр асуудал их гардаг.

-Цагдаа нар торгуулиар их дарамталдаг. Олон хоног оочерлож НАБТ-ын талбайгаас нүүрсээ ачаад гараад ирэхээр элдэв шалтаг хэлээд явуулдаггүй гэж жолооч нар яриад байна?

-Дарамт шахалт бол хаа хаанаа байгаа нь үнэн. Цагдаа, автотээврийнхэн болон жижиг сажиг зүйлээр дарамтлах юм. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хувь заяатайгаа эвлэрсэн.

-Цагаанхаданд ажиллаж байгаа эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаг уу?

-Эрүүл мэндийн үйлчилгээ ёстой худлаа шүү. Авч үзэж байгаагүй. Гэвч ажилладаг юмуу даа тэр эмнэлэг гэсэн хаягтай газар нь. Байгаа орчин болон байгаль орчны байдал ч хамгийн хэцүү нөхцөлд ажиллаж амьдарч байгаа бид яаж эрүүл байх юм. Энэ олон жолооч нар хүрч ажиллаж чадахгүй.

-ПСР шинжилгээний явц болон хүртээмж хэр байна. Хэцүү нөхцөлд л шинжилгээ хийдэг бололтой?

-Бид урагшаа гарах болгондоо хамраа ухуулж байгаа. Мөн хилээр цаашаа гараад Хятадын талдаа ч шинжилгээ өгнө. Урд талын шинжилгээ 7 хоногийн хүчинтэй бол Монгол талдаа шинжилгээ нь 14 хоногийн хугацаатай. Манай энд бол оочер дараалал ихтэй, удаан шүү. Урагшаа гарахаар бид бүхэнд үзүүлж байгаа үйчилгээ нь хурдан түргэн шуурхай байна. Эндээс л хоёр улсын зааг ялгаа харагдана даа.

-Цагаанхадан дахь нөхцөл байдал үнэхээр хүнд санагдлаа. Энэ суурьшлын бүсэд хууль дүрэм, дэг журам гэж байдаг уу. Хууль үйлчилдэг үү, төр засаг нь анхаардаг уу. Төрд хаягдсан хэдэн мянган жолооч нүүрс тээвэрлэж, ар гэрээ тэжээхийн зэрэгцээ, эх орныхоо эдийн засгийг авч яваа л харагдах юм?

-Хэцүү газар. Энэ газраас амар амгалан байдлыг эрж хайгаад нэмэргүй дээ. Та бүхэн өөрсдөө ирсэн юм чинь сайн харж байгаа байх. Энэ нөхцөл байдлыг нь. Мөнхийн хар шороо нүүрсэн түйрэн эргэлдэнэ. Дунд нь пад хар машин пад хар явдаг жолооч нар. Өнгөтэй өөдтөй олигтой байх үндэс байхгүй. Дээр нь дэг журам, хууль гэж үйлчлэхгүй. Одоо сайхан дэг журамтай, хууль дүрэмтэй болгох хэрэгтэй юм. Үүнд холбогдох албаныхан болон төр засгийнхан ч харах хэрэгтэй. Биднийг төрд хаягдсан гээгдэгсэд гэж нэрлэчихсэн байна билээ. Зохион байгуулалт байхгүй. Нүүрс ачилт буулгалт аль ч талдаа замбараагүй байдаг. Үүнээс үүдэж ямар нэгэн хэл ам, элдэв эрсдэлтэй байнга үүсдэг.

-Төрийн байгууллагын удирдлагууд болон дарга нар Цагаан хаданд ирж ажиллалаа, нөхцөл байдал сайн байна, сайжирсан байна гэж ярьдаг. Гэвч яг бодит байдал дээр байгаа жолооч нар өөр юм яриад байдаг?

-Тэр дарга нарыг чинь ирэх сургаар энэ оочерлож дугаарласан том тэрэгнүүдийг татаад замыг нь сайхан чөлөөлчихнө. Мөн хог шороог нь цэвэрлээд цэмбийлгэчихнэ. Тэгэхээр дарга нар ямар бодит байдлыг олж хардаг. Сайхан байна, сайн байна гэж ярина шдээ. Бодит байдлыг нь харвал тэдэнд юу бодогдох бол. Яг үнэндээ жолооч нартай уулздаггүй шдээ. Уулзаж учир байдлаа хэлж байсан жолооч байдаг юмуу. Жолоочид нийлээд төр засгийнханд гээд дуу хоолойгоо чадахын хэрээрээ л хүргэх юм. Гэвч биднийг тоож авахгүй шүү. Одоо бүр итгэл алдарч байна. Тэр сайд нь ирлээ гэж сураг дуулддаг. Дөрвөн жил энд ажиллаж байхдаа би ганц удаа ч барааг нь хараагүй.

Адгийн наад зах нь Цагаанхад нэртэй энэ суурьшлын бүсэд халуун усны газрыг нь шийдээд өгчихдөг бол арай өөр шүү. Ийм халтайсан хар хувцастай, хар нүүр царайтай явахгүй. Ямар ч ая тав тух байхгүй. Усанд орох боломж байхгүй, кабиндаа нойтон салфетикаар усанд орж байна. Мөн 00-ын асуудал маш хүнд. НАБТ болгоны гадаа 00-ын асуудлаа шийдчихээсэй. Энд шударга байдал буюу тэгш эрхтэй баймаар байна.

-Энэ нарийнхан зам дээр осол аваар ч их гардаг бололтой. Гурав хоногийн өмнө нүүрс ачсан машин унаж, нэг машин шатсан байна билээ?

-Баталгаагүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар гаргадаг жолооч нар бий. Техникийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаагүйгээс болсон асуудал гэж мэргэжлийнхэн үздэг юм билээ. Олон жолооч нар архи дарс хэрэглэчихээд машинаа унаад осол гаргах тохиодол бий. Ер нь гамшгийн хэмжээнд хэдэн төгрөгийн төлөө “халтар” ажиллаж амьдарч байна.

-Архи гэснээс энд нэг жил архи 150 мянган төгрөгөөр шаглагдаж зарагддаг гэж үнэн үү?

-Хөл хорио тогтоосон үед архи шаглагдаж зарагдаж байсан. Архи битгий хэл такси, хоол унд ч шаглагдаж, үнэ нь тэнгэрт хандаж байсан.

-Гэртээ хамгийн сүүлд хэзээ очсон бэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард очсон. Одоо бол тавдугаар сар гартал явахгүй. Би хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдээ маш их санаж байна. Явах боломж алга. Харьдаг буцаад ирж чадахаа больчихно. Халдвартай бүсээс энэ эрүүл ногоон бүсийнхэн хүлээж авахгүй гээд байгаа. Одоо гэртээ хариад ирж чадахаа больсон өчнөөн жолооч байна. Тэд мөнгө төгрөггүй болчихоод биднээс хоолны мөнгө 20 мянган төгрөг өгчихөөч гэж гуйж байх жишээтэй.


Жолооч Г:Оочероо урагшуулахын тулд 200-500 мянган төгрөгийн хахууль өгч байсан




Цагаанхадан дахь нөхцөл байдлын талаар жолооч Г ярихдаа “Энэ газарт авлига хээл хахууль цэцэглэсэн нь үнэн. Үүдний харуулаасаа эхлээд бүгд авлигад идэгдсэн. Дарга цэрэг, удирдлагууд, албан тушаалынхан бүгд авлигад идэгдсэн. Автотээврийн С зөвшөөрөл авахад 5000 юаниас дээш тооны мөнгө яригддаг. Ингэж байж зөвшөөрлөө гаргуулдаг.

Энд ажиллаж байгаа бүх жолооч нарыг мөнгө гээд харчихсан. Эдийн засгаа авч яваа хүмүүс гэж хардаг ч бодит байдал дээрээ өөрөөр хараад байх шиг.

Одоо та нар Монголын шинжилгээ авч байгаа тэр гурван шар байшинг нь хараарай. Муухай айлын жорлонгоос долоон дор юманд сууж шинжилгээ авч байгаа биздээ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт ингэж ковидын шинжилгээ авах нь зөв юмуу.

Миний хувьд машины оочероо урагшуулахын тулд хил гаалийнханд 200-500 мянган төгрөгийн авлига өгч байсан тохиолдол бий. Хахууль өгчихвөл өдөртөө гараад, өдөртөө хилийн цаанаас гараад ирнэ дээ. Гаалийн ажилтнуудын машин өдөрт нэг удаа явдаг нь үнэн. Тэгээд хэл ам хийхээр бичиг цаас, зөвшөөрлөөр нь хааж боодог. Мэргэжлийн хяналтын газрынхан юу ч хийдэг юм бүү мэд.

Ядаж энд ажиллаж байгаа хоолны газруудын хийж байгаа хоол цайнд хяналт тавьж үзсэн болов уу. Хил гааль дээр яндганасан хэдэн алба хаагч бий.

Хил гааль дээр биднийг хүн гэж харахгүй. Нохой шиг үзэж харьцдаг. Тэд бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр дур зоргоороо авирладаг.

Өнөөдөр 15 мянган жолооч төр засгийн шийдвэрт хангалуун бус байна. Мэдрэл муутай жолооч ч хангалуун байна гэж хэлэхгүй дээ.

Миний хувьд 5-6 жил явж байна. Өчнөөн дарга цэрэг ирлээ гэдэг. Тэд бид нартай уулзаж байгаагүй, барааг нь харж ч байгаагүй.Дарга нар ирлээ гэсэн сургаар 30-40 км газар үргэлжилсэн байгаа машиныг хагас өдрийн дотор татаж энэ замыг чөлөөтэй болгодог шүү. Цагаан хадан дээр дарга цэрэг нь ирлээ гэхэд нүүрс, уул толгодын ард нуучихдаг. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд хэн ч гэлээ ирэх сургаар энэ хавийн хог шороог цэмбийтэл цэвэрлээд тавьчихсан байгаа юм.

-Зам ашигласны төлбөр гэж хэдийг өгдөг вэ?

-Уртын уртдаа 250-360 мянган төгрөг төлдөг. Улсын төсөв бүрдүүлж байгаа нэртэй зарим нэг компанийн халаас руу ордог байх гэсэн хардлага төрдөг.

Би олон улс орноор ажиллаж амьдарч явж байсан. Гэхдээ ийм өндөр өртөгтэй хэрнээ зам нь ийм аймшгийн байгаа биз дээ. Замаа засахгүй. Өчнөөн төлбөр татвар төлчихөөд бид нарын явж байгаа замын нөхцөл байдлыг хар. Зам арчилгаа гэж алга. Тэгсэн хэрнээ бид нараар замаа цэвэрлүүлдэг.

Төрийн бодлого зохион байгуулалт гэж алга. Үүнээс болж залуус гэртээ харьж чадахгүй, эхнэр хүүхдээсээ салсан өчнөөн залуус байна.

Төр засгийнхан нь биднийг хүн гэж хардаг юмуу. Хэнд юундаа ч гомдох юм. Ийм хөгийн нийгэм, энэ дээр нь дандаа мал сэтгэхүйтэй тархинууд гараад суучихсан юм уу.  Шударга хэлэхэд, хаалгачаас харуул хүртэл гэж үг бий. Бүх юм авлига. Өнөөдөр мөнгөгүй хүн амьдарч чадахгүй. Төр засгийг муулж байна. Ард түмэн элгээрээ мөлхөж байна дууслаа. Хилээ нээвэл гадагшаа гарч ажиллаж амьдрах хэрэгтэй байна” гэлээ.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ