Монголчууд “нүүрсний хулгай”-тай тэмцэж эхэллээ. Гэтэл төрийн шинэ бодлого — “Тамхины хяналтын хууль” нэрээр — бусад хэлбэрийн хулгайг хуульчлан зөвшөөрөх гэж буй нь ил болж байна.
Нүүрсний хулгай бол бүхний мэдэх нууц. “Улсын баялаг” гэж нэрлэж байсан ч ашиг нь хэдхэн хүний халаасанд орсон. Төрийн нэрийн дор олборлож, ард түмний нэрийн өмнөөс экспорт хийсэн ч төсөвт биш, хувийн дансанд орсон. Ард түмэн утаа, үнийн өсөлт, ажилгүйдлээр хохирсон.
Одоо төр “эрүүл мэнд, хүүхэд хамгаалал” нэрийн дор шинэ хулгайгаа эхлүүлж байна. “Тамхины хяналтын тухай хууль” гэх гоё нэртэй энэ бодлого цахилгаан тамхи, халаадаг бүтээгдэхүүнийг зах зээлээс бүрэн арчиж уламжлалт утаат янжуур тамхины бизнесийг цөөн хүнд төвлөрүүлэх замаар “хууль ёсны монополь” бий болгоно. Янжуур тамхины зах зээлийг атгаж буй “Алтангадас” ХХК, “Волтам” ХХК гэх хоёр компанид тал зассан байдал уг хуулийн заалтуудад харагдана.
Нүүрсний хулгай газар доор болсон бол тамхины хулгай зах зээл дотор, хууль дээгүүр явагдана. Хил хаагдмагц нүүрс гарахаа больдог шиг татвар, хориг нэмэгдэхэд хууль ёсны бүтээгдэхүүн алга болж, хууль бус худалдаа "Telegram", "WeChat"-аар урсан орж ирнэ. Хожиж буй нь дахиад л “томчууд”, хохирогч нь жирийн хэрэглэгч.
Нүүрсний хулгай ч бай, тамхины хуулийн хулгай ч бай — хоёул төрийн нэрийг барьсан хувийн ашиг сонирхлын тогтолцоо юм.
Аль аль нь “ард түмний төлөө” гэж эхэлдэг “баялаг хуваарилалт”, “эрүүл мэндийн төлөө”, “хүүхэд хамгаалал” гэж гоё тайлбарладаг. Гэвч эцэст нь зах зээл хаагдаж, хяналт алдагдаж, шударга өрсөлдөөн устаж, нууц наймаа өсдөг.
Өнөөдөр нүүрсний хулгайг илчилж чадсан ард түмэн маргааш тамхины хулгайг хүлээн зөвшөөрөх үү?
Эрүүл мэндийн нэрээр татвар нэмэх, амт үнэр хорих, хууль ёсны борлуулалтыг устгах — энэ бол хамгаалалт биш, зах зээл булаах улс төрийн арга. Тамхины хуулиар бид эрүүл мэндээ бус, төрийн гаргасан “саалийн үнээ”-г хамгаалж байна.
Нүүрсний хулгай бол газар доорх баялаг хулгайлсан хэрэг. Тамхины хуулийн хулгай бол хүний сонголт, эрх чөлөөг хулгайлж буй хэрэг. Хоёулаа ард түмний нэрийг ашиглаж, цөөн бүлэгт эрх ашиг хуваарилдаг нэг тогтолцооны хоёр нүүр юм. Хэрвээ бид нүүрсний хулгайг илчилж чадсан бол, тамхины хуулийн хулгайг ч бас таньж, зогсоох ёстой.
https://news.mn/r/2826730/