Эзэнгүй төрийн эмгэнэл буюу Цагаанхадан дахь бараан амьдралын бодит байдал



Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны сэтгүүлчид хамтран өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймгийн Ханбогд сум буюу Цагаанхад суурьшлын бүсэд ажиллаад ирлээ.

Тус сэтгүүлчдийн багийнхан Цагаанхадан дахь нөхцөл байдал болон нүүрс тээвэрлэлт, хилийн таталт хэр байгаа талаар мөн жолооч нарын эрх ашиг хаана яаж хөндөгдөж зөрчигдөөд байна. Төрийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой уян хатан ажиллаж байгаа. Мөн төрийн байгууллагуудын авлига хээл хахууль ямар хэмжээнд хүрсэн байгаа талаарх асуудлыг хөндөж сурвалжилсан юм.

Сурвалжлагын баг бүрэлдэхүүн Нийслэлээс оройтож гарч, шөнөжин давхисаар өглөө хүрэх ёстой газраа хүрэв. Нойр муутай явсан сэтгүүлчид хоёр цаг амраад ажилдаа гарсан юм.


Хэдий салхи шуурга бага байсан ч Цагаанхаданд бол мөнхийн хар сул шороо бужигнаж байдаг газар. Энд өнгөтэй өөдтэй хувцастай явахын ч арга байхгүй, пад хар болно. Жолооч нарын нүд шүд нь гялалзаж цагаан харагдахаас бусдаараа бол тас хар гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу.

Богины рэйс буюу Цагаанхадан дахь НАБТ-аас нүүрсээ ачсан машинууд ар араасаа цуварсан байдалтай зогссоно. Тэд 30-40 км газарт ийм байдалтай үргэлжилж хил гардаг гэх.

Засмал замаар нэг эгнээ нүүрс ачсан машин явах бол нөгөө талаар нь шороон замаар хоёр эгнээ машинууд дөрөө харшуулан урагшаа хилийн зүг хөдөлнө. Тав алхмын зайнд ч машинаа хөдөлгөж урагшлуулах нь жолооч нарын хувьд бөөн баяр. Гэхдээ шороон замын машины таталт болон явалт удаан байгаа талаар жолооч нар ярьсан юм. Нүүрсний талбайгаас нүүрсээ ачаад зам дээр гараад ирсэн жолооч нар аль болох хурдан явахыг боддог. Гэвч талбайгаас гарсан ч машин нь урагшлахгүй 3-4 хонож байгаа жолооч нар бухимдалтай байгаа нь илт.

Нөгөө л хил гаалийнхныг буруутгаж, Гашуунсухайт боомт дээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэрээс болж жолооч нар хохироод байна гэх.

Гашуунсухайт, Ганц модны боомтын дунд орших Монгол Улсын гаалийн хяналтын бүсийг Цагаанхад гэж нэрлэдэг бөгөөд одоогоос 13 жилийн өмнө албан ёсоор байгуулсан гэдэг. Харин энд 15 мянган жолооч тэдний 400 гаруй нь эмэгтэй жолооч хүнд даацын машинаар 145 компанийн нэр дээр 24 цаг ажиллаж, Тавантолгойгоос нүүрс тээвэрлэнэ. Ихэнх цаг хугацаагаа НАБТ-ын оочер, нарийнхан зам дээр өнгөрүүлж байна.

Тэд Монгол Улсынхаа эдийн засгийг авч явахын зэрэгцээ ар гэрийнхээ амьдралыг ар нуруундаа үүрч, амьдралын жаргал зовлон, амраг ханийнхаа хайр халамж, алаг үрсийнхээ инээд хөөрийг харж мэдрэхгүй, алс хол хилийн хязгаарт халуунд халж, хүйтэнд хөрөн зүтгэж, зүдэрч явна.

Амьдралын кайф гэж юу байдгийг ч мартсан гэж ярих гунигтай нүд, гутранги үзэлтэй идэр насны залуус энэ байдалтайгаа бүр эвлэрчээ. “Амьдрал юм хойно мөнгө олж байвал яах вэ дээ” гэсэн бодлоос өөр зүйл алга.

Үнсэн саарал бохир орчинд эрүүл байхын үндэс алга. Жолооч нарын ажиллаж амьдарч байгаа орчин нөхцөл ч гэж авах юм байхгүй. Уг нь тэнд ажиллаж, Монгол Улсынхаа эдийн засгийг авч яваа 15 мянган жолоочийн эрх, аюулгүй байдал БОАЖЯ, ХНХЯ, ЗТЯ-нд шууд хамааралтай.

Өдөр болгон нарийнхан зам дээр, нүүрсний талбай дээр ноцтой том осол гарч байна. Тэнд хөдөлмөрийн аюулгүй байдал гэж алга. Мөн эрүүл орчинд ажиллах ёстой гэвч агаарын болон орчны, тоосны бохирдол дээд цэгтээ хүрчээ. Хар үнсэн түйрэн дунд жалга дагасан их хог, харгана бутны толгойд наалдаж үжирсэн гялгар уутнууд, ундааны сав дүүрэн шээс, лааз, 00-ын цаас нь толгой дээгүүр эргэлдэж салхи шуургатай үед нүүр нүдэнд наалдах нь энгийн үзэгдэл. Цагаанхадын ойр орчим байгалийн бага дархан цаазад газартаа ордог. Гэвч тэнд Байгаль орчны яам нь ажиллаж үнэлгээ хийдэггүй.


Жолооч нар НАБТ-н гадна нойлтой болохыг хүсч байна

Цагаанхаданд 29 нүүрс ачиж буулгах талбай бий. Үүний ихэнх нь хятад эзэнтэй бол тав нь Монгол эзэнтэй аж. Эдгээр талбайн гадна болон дотор талд жолооч нар нүүрсээ ачуулахын тулд олон хоног оочерлож дугаарлана.

Машиндаа олон хонох тэдэнд нэг хүндрэл бэрхшээл бий. Тэр нь нойлын асуудал. Ярилцлага өгсөн ихэнх жолооч нар “НАБТ гаднаа нойлтой болмоор байна” гэдгээ хэлсэн юм. Мөн халуун усны газар дор хаяж 4-5 баймаар байгаа юм. Энд хоёр газарт халуун ус ажилладаг ч 15 мянга гаруй жолооч нарт хүрэлцэхгүй байна. Бид нар кабиндаа нойтон салфитекаар усанд ордог. Хувцсаа угаалгах газар ч хүрэлцээ муу. Ус үнэтэй учраас жаахан усанд бидний хиртэй хувцсыг халтайлгаад угаасан болдог. Тэгсэн хэрнээ их мөнгө авахыг нь яана гэв.

Ус үнэтэй учир үс угаахад 6000-8000 төгрөг төлнөЦагаанхаданд чандмань эрдэнэ болсон ус ховрын эд. Хаяа хаяагаа дэрлэсэн жижигхэн амбаар буюу гэрийн гадна талд “Хувцас угаалга, үсчин, зоогийн газар, утас засварын газар, валют арилжаа, комиссын хувцас, Хүнсний дэлгүүр, гэр буудал” гэсэн хаягнууд өлгөөтэй ч нүүрсэнд дарагдаж халтайсан зарим хаяг нь огт харагдахгүй. Хувцас угаалга гэсэн хаяг олон байгаа ч онгойж ажиллаж байгаа нь цөөхөн юм. Нэг кг хувцсыг 6000 төгрөгөөр угаадаг ч заримдаа нэг ширхгээс хамраад 1000 төгрөг байдаг аж.

Жолооч нар шар болон цэнхэр торонд нүүрс тортгондоо “баригдсан” хувцсаа хийчихсэн угаалга гэсэн хаягтай хаалга болгоныг татна. Ажиллаж байгаа зарим нэг нь “Угаах хувцас их, хувцас авахгүй” гэнэ. Зарим нь “Өнөөдөр угаахгүй ус байхгүй, ус ирээгүй” гэсэн шалтгаанаар буцааж байгаа харагдана.

Харин 1 литр ус 80-100 төгрөгрөөр худалдаж авдаг юм байна. Тиймээс тэнд ажилладаг үсчингүүд үс үнэтэй угаана. Зүгээр угаалт нь 6000-8000 төгрөгийн үнэтэй. Үүнд үс ороох, сэнсдэх зэрэг нэмэлт үйлчилгээ огт орохгүй.


Жижиг тэргээр наймаа хийдэг эмэгтэйчүүд олон болжээ

Нүүрсээ ачиж аваад хилийн зүг рүү дугаарласан машинуудыг дагаж жижиг машинууд таарах юм. Жолооч нар нь эмэгтэй. Зах зээлийн зарчмаар тэд наймаа эрхэлдэг байна. Машинуудын хажуугаар явахдаа “Ус ундаа байна. Хоол байна, хэрчсэн мах гурил байна. Хүүхэн байна” гэж цагаан хоолойгоор хэлнэ. Зам дээрээ олон хоног зогсч байгаа жолооч нар тэднээс л хэрэгцээгээ хангадаг нь илт.

Үүнээс гадна хэдэн сар хоногоор гэртээ хариагүй нөхрүүдээ эргэж ирсэн эхнэр, найз залуугаа эргэсэн хүүхнүүд, эхнэрээ эргэсэн эрчүүд ч байсан юм.

ПСР шинжилгээ өгөх болгондоо 20 мянган төгрөгөөр такси барьж очдог

Нүүрс тээвэрт явж байгаа жолооч бүхэн ПСР шинжилгээг хил гарах болгондоо өгнө. Нэг өгвөл тэр шинжилгээний бичиг нь 14 хоногийн хугацаанд хүчинтэй аж. Харин Хятадын талд гараад мөн шинжилгээ өгөх бөгөөд 7 хоногийн хугацаатай гэнэ.

Шинжилгээ өгөх цэг нүүрс ачиж буулгах талбайгаас хэдхэн км-ын зайд орших бөгөөд жолооч нар такси барьж явдаг байна. Такси нэг удаа явахад 20 мянган төгрөг бөгөөд жолооч нар нийлээд явах эсвэл яаралтай тохиолдолд ганцаараа такси бариад явдаг талаар ч ярив. Шинжилгээ авах цэг нь гурван шар жижиг ТҮЦ бөгөөд жолооч нар эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт шинжилгээ авч байна хэмээн шүүмжилсэн юм.

Салбарын сайд, дарга нар нь ирдэг ч жолооч нартай уулзаж байгаагүй гэв

Сайд, дарга нар Цагаанхаданд албаны уулзалт хийх сургаар жолооч нараар Цагаанхадыг цэмбийтэл цэвэрлүүлж, оочер дараалал үүсгэж уртаас урт дугаарласан машинуудыг хил болон НАБТ руу хурдан шуурхай татчихдаг гэнэ. “Ёстой нөгөө шинэ дарга ирлээ шүү, ширээний бүтээлгээ солиорой” гэдгийг утгаараа харуулдаг аж.

Ингээд зорьж ирсэн дарга нарыг түгжрэлгүй замаар авч давхиж, хэдэн жолооч нартай уулзуулж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсчихоод “Та нарын ажиллах нөхцөл байдлыг сайжруулна, гоё болгоно” хэмээн биелэгдэшгүй амлалт өгчихөөд явчихдаг гэнэ. Яг бодит нөхцөл байдлыг харуулдаггүй, жолооч нарын зовлонг яриулдаггүй.

Зарим жолооч нарын хувьд Зам тээврийн сайд гэж ямар хүн байдгийг ч мэдэхгүй гэв. Яг үнэндээ зовлонгоо тоочих гэсэн цөхөрсөн жолооч нар олон байна. Тэднийг хэн ч тоодоггүй, хэн ч хүлээж авдаггүй гэх. Тэд 10 жилийн өмнөөс нөхцөл байдал улам дорджээ. Дарга нар нь ирээд гоё сайхан зүйл яриад явдаг. Ямар ч өөрчлөлт байхгүй өдөр ирэх тусам дордож байгаа. Энд жолооч нар хохирч төрд гээгдэж монгол хүний үнэмлэмж унаад байна гэсэн.

Жолоочид:Замын цагдаа нь том тэргийг зогсоогоод элдэв шалтаг хэлээд 150 мянган төгрөгөөр торгодог

“Энд төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж байхгүй. Жолооч нар ямар ч эрхгүй байна. Хууль бус үйлдэл болон зүйд нийцэхгүй зүйлийг нь хэлж гүүцэл үзүүлэхээр шууд зуудаг. Энд байгаа жолооч нар бүр хувь тавилантайгаа эвлэрчихсэн. Хэдэн цаас олж чадаж л байвал дарамтлуулах нь юу ч биш.

Нэг машиныг зогсоогоод замын цагдаа нь 150 мянган төгрөгөөр торгодог нь үнэн. Хөл хорио тогтоосноос хойш гэр орондоо очоогүй. Хэрвээ оччихвол эргээд ирэх боломжгүй. Ар гэртээ харьсан жолооч нарыг компаниуд нь авахгүй байна. Хотод гэртээ очсон жолооч нар хоосон хонож байна. Энд ажиллаж байгаа биднээсээ хоногийн 20-30 мянган төгрөг гуйдаг.

Ер нь Цагаанхад гэх энэ суурьшлын бүсэд 15 мянган жолооч тэрний ард үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын 5 мянга гаруй хүн гэхээр нийтдээ 20 гаруй мянган иргэн энд ажиллаж амьдралаа залгуулж байна. Суурьшлын бүс гэж нэрлэсэн хэрнээ байж байгаа царайг нь хар. Хар үнсэн түйрэн. Адгийн наад зах нь тог цахилгаан гэж алга. Энэ газрыг хөгжүүлэх хүсэл сонирхол төрийн эрх баригчид болон орон нутгийн удирдлагуудад байхгүй. Хилийн цаана байгаа боомтуудыг очоод хар. Тэнгэр газар шиг ялгаатай. Ганцмодны боомт бол ёстой диваажин. Гашуунсухайт боомт хар нүх л байна” гэв.


Хил, гааль, автотээврийнхэн Цагаанхадыг мөнгөний уурхай гэж хардаг

Гашуунсухайт боомтыг газрын диваажин болтол хөгжүүлэх хүсэл сонирхол хил гааль, автотээвэр, нутгийн удирдлагууд цаашлаад төр засгийнханд ч байхгүй. Энд аалзын тор шиг хэрсэн авлигын сүлжээ айхтар цэцэглэсэн байна. Уг нь хил гааль дээр ажиллаж байгаа 10 хүний тав нь шударга байвал байдал арай дээрдэнэ гэж жолооч нар үзэж байна.

Гэвч Гашуунсухайт боомт дээр ажиллаж байгаа гааль, хилийнхэнд тэнд энд тогтсон амьдрал гэж байхгүй. Бүгд хотод амьдралтай.

Эд нар жолооч болон тээврийн компаниас авлига буюу сул мөнгөө аваад Улаанбаатарт бүх зүйлээ хөгжүүлчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цагаанхадыг мөнгөний уурхай л гэж хардаг. Тодорхой хэмжээний мөнгө хийж аваад буцдаг. Нутгийн удирдлагууд ч энэ газрыг цэгцэлж хөгжүүлэх сонирхол байхгүй.

Авлига, хүнд сурталд идэгдсэн газар. Жолооч нар ч хахууль өгөөд өөгшүүлээд сурчихсан. Бүх юмыг зоосны нүхээр харна. Өөрөө өгөхгүй юмаа гэхэд компанийн эзнээрээ авлига өгүүлдэг жолооч нар ч байна. Учир нь хахууль өгөхгүй бол машин нь хил гарахад удааширдаг гэнэ.Компаниуд ачих зөвшөөрөл аваад орохдоо 1500-2000 юань өгч байна. Мөн пүүний мөнгө 30-70 мянгыг өгнө.

Эзэнгүй төрийн эмгэнэл. Төр нь тэнд ажиллаж байгаа замын цагдаа болон автотээврийн үндэсний төв, мэргэжлийн хяналт, гаалийнханд Цагаанхадан дахь суурьшлын бүсийг та нар зохицуул гээд үүрэг даалгавар өгчихдөг юмуу. Энд ямар нэгэн эзэн хэрэгтэйбайна гэдгийг жолооч нар хэллээ.






скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ