"Төлсөн авснаа нийтэл"/ТАН/ эвсэл сар бүр иргэний нийгмийн мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулахаар болж хоёр дахь хурлаа "Монгол Улс уран ашиглахад бэлэн үү?" сэдэв тойрч цахим хэлэлцүүлэг өрнүүллээ.
ТАН эвсэл уул уурхайн мэдээллийг ил тод байлгах үүдэнээс Miningwatch.mn вэбсайтыг ажиллуулж эхэлсэн байна. Тус сайтад уул уурхайн олборлолтын бүх мэдээлэл нээлттэй тавигдах юм байна.
"Их бага Баяншарга" ТББ-ын тэргүүн Л.Бор "Өнөөдрийн байдлаар манай улсад ураны хайгуулын 33, ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл байна. Монгол Улс "цөмийн циклийг бүхэлд нь хэрэгжүүлнэ" гэж хуулиндаа заасан байдаг. Өөрөөр хэлбэл хүдрийг баяжуулах, боловсруулах, цөмийн энерги гаргах гэх мэт үйл ажиллагааг хуулиндаа тусгажээ.
Гэвч ураны хууль бус хайгуул, олборлолтоос үүдэн байгаль орчин, хүн амьтанд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол олноороо гарсаар байна. Үүний нэг илрэл нь ураны хэд хэдэн тусгай зөвшөөрлийг сунгахдаа хууль зөрчин олгожээ.
Жишээлбэл, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд үйд ажиллагаа явуулдаг "Гурвансайхан" ХХК-д ураны тусгай зөвшөөрөл олгохдоо Цөмийн энергийн хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчин олгожээ. Улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан байхад цуцлаагүй.
Мөн тус компани Монголын талд 34 хувийг эзэмшүүлэх заалтыг нь зөвшөөрөөгүй ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.
Хамгийн наад захын байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсөн төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажиллаж байгаа бөгөөд тус компаний үйл ажиллагаа явуулдаг талбайн ойр орчимд ураны цацрагийн хэмжээ стандартаас давсан талаар 2018 онд МХЕГ-аас дүгнэлт гаргасан ч хуулийг үл тоон ажилласаар байна" гэлээ.
ТАН эвслээс Засгийн газарт хандаж шаахдлага хүргүүллээ. Уг шаардлагад "Төлсөн Авснаа Нийтэл" (ТАН, www.miningwatch.mn) эвслээс сар бүр зохион байгуулдаг мэдээллийн цагаар УРАН буюу цацрагг идэвхт ашигт малтмалын асуудлыг хөндөн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн байр суурь, дүгнэлтийг олон нийтэд хүргэж, уг асуудалд анхаарал хандуулан ажиллахыг төр засгаас шаардаж байна.
Уран олборлох нь олон улсад төдийгүй дотоодод онц аюултай гэсэн ангилалд багтдаг, маш өндөр хариуцлага, хатуу хяналт шаарддаг үйл ажиллагаа юм. Алхам тутамдаа хууль, стандарт, дүрэм журмыг хэлбэрэлтгүй мөрдөхийг шаарддаг уг асуудалд манай төр засаг ямар хайхрамжгүй, хариуцлагагүй хандаж ирснийг УДШ-ийн 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн шийдвэр нотлон харууллаа.
"Гурвансайхан" ХХК-д ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) 2016 оны долдугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхим хянан хэлэлцээд МУ-ын хууль тогтоомжуудыг зөрчсөн болохыг тогтоож, Y-020634 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа.
Ашигт малтмалын газар нь дараах хуулийн заалтыг зөрчин "Гурвансайхан" ХХК-д Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт орших MV-020634 тоот уран ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон болохыг шүүх тогтоолоо.
Үүнд:
1. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хуулиар тавих шаардлагыг хангуулаагүй буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй
2. Байгаль орчны меежментийн төлөвлөгөө батлуулаагүй
3. Цөмийн энергийн комисс, Тагнуулын төв байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал аваагүй
4. Орд ашиглах хуулийн этгээдийн 34 хувийг төр үнэ төлбөргүй шууд эзэмшихийг зөвшөөрч байгааг нотлосон шийдвэрийг компани гаргаагүй
5. Орд ашиглах гэрээг хуульд заасан хугацаанд байгуулаагүй
6. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулиар тогтоосон хязгаарыг хэтрүүлсэн хугацаагаар олгосон зэрэг зөрчил гаргажээ.
Эдгээр нь дээрх тусгай зөвшөөрлийг олгоход гарсан зөрчлүүдийн зөвхөн зарим хэсэг бөгөөд ганцхан Цөмийн энергийн тухай хуулийн хувьд л гэхэд нийт 33 заалт зөрчигдсөн байна. Дээр нь нэмээд Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гээд нэгбүрчлэн дурдвал хэдэн арваар яригдах зөрчил гаргажээ. Өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалууд дутуу, тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлагууд хангагдаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон юм.
Төр өөрөө ийм хариуцлагагүй, хяналтгүй байхад байгаль орчин, хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөөтэй ураны хайгуул, ашиглалтыг үргэлжлүүлэх нь зөв үү гэдэг асуулт эндээс урган гарч байна.
Монгол Улсад 2020 оны эцсийн байдлаар Архангай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь зэрэг нийт 9 аймгийн 28 сумын нутгийг хамарсан цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 33, ашиглалтын 9 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
Дээр нь цацраг идэвхт ашигт малтмалын 169 талбайг ялгасан ч одоогоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл арай олгоогүй байна. (Эх сурвалж: Цөмийн энергийн комиссын тайлан 2020).
Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны харьяа Ашигт малмал, газрын тосны газар (АМГТГ) нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох олон хууль тогтоомжийг ийнхүү зөрчиж байна.
Тэрчлэн орон нутагт цацраг идэвхт бодисын хяналтын тогтолцоог бий болгож чадаагүй хэвээр байна. Жишээ нь хайгуулын явцдаа байгаль орчныг хамгаалах үүргээ огт хэрэгжүүлээгүй "Гурвансайхан" ХХК-д ураны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй хэмээн орон нутаг зөвшөөрсөн байдаг.
Мөн түүнчлэн, Засгийн газрын харьяа Цөмийн энергийн комисс (ЦЭК) нь санаачилж 2015, 2016 онуудад нэмэлт, өөрчлөлт хууль тогтоомжид оруулснаар нийтэд заавал ил байх шаардлагатай мэдээллийг нууцлах болжээ.
Үүнд:
- ураны талаар мэдээ мэдээлэл, судалгааны дүн,
- ураны хайгуул болон олборлох зөвшөөрөл бүхий компаниудын ТЭЗҮ, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан,
- орд ашиглах гэрээ хэлэлцээр бүгд олон нийтэд хаалттай байна.
Иймээс цацраг идэвхт ашигт малтмалын үйл ажиллагаанд хариуцлага, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ТАН эвслийн гишүүн Их бага Баяншарга ТББ шүүхэд нэхэмжлэл гарган, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 сарын 22-ны өдрийн шийдвэрээр Гурвансайхан ХХК-д олгогдсон MY-020634 тоот цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан юм.
Livetv.mn