Японд парламентийн дээд танхим буюу зөвлөхүүдийн танхимын сонгуульд 2020 онд цар тахлын үеэр Ютүбийн сувгаар дамжуулан байгуулсан Сансэйто нам 14 суудал авлаа.
Өмнөх сонгуулиар ердөө ганцхан суудал авсан энэ нам өөрсдийн таамагласан 6-гаасаа хоёр дахин илүү суудал авсан нь энэ юм. Үүний гол шалтгаан нь 18-20 насны япон залуусын үзэл бодолд таарсан бодлого, сэтгэлд нийцсэн үгс хэлсэнтэй холбоотой ажээ.
Цар тахлын үеэр Сансэйто намынхан вакцин болон амны хаалтын эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн бичлэгүүд цацаж, олны анхаарлыг татсан юм. 2022 онд Зөвлөхүүдийн танхимд эхний суудлаа авсан. Энэ намыг даяаршлын эсрэг бодлого баримталдаг гэж тодорхойлж болно.
Японы хүн ам хөгширч, төрөлт багасаж, хөдөлмөр эрхлэх насныхан цөөрсөөр байгаа ч гадаадаас ажиллах хүч авахыг эсэргүүцэж байгаагийн зэрэгцээ сүүлийн жилүүдэд жуулчдын тоо хэрээс хэтэрч буйд иргэд эгдүүцэж буйтай Сансэйтогийн хүлээн зөвшөөрч, үүний эсрэг ажил хийх ёстой гэж үзэж байна.
“Японд ирэх гадаад иргэдийн тоо ирэх улам нэмэгдлээ. Би жуулчдын эсрэг байгаа юм биш. Харин гадаадаас хямд ажиллах хүч авснаар Японы цалин мөнгөний бодлогод уршиг тарина. Энд ирээд өөдтэй ажил олж хийж чадахгүй гадаад иргэд гэмт хэрэг хийх ихэснэ” гэж намын лидер Шохэй Камиа мэдэгджээ.
Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, татварыг бууруулах зэрэг амлалт өгсөн. Гэхдээ энэ намын хүмүүст хүрсэн гол уриа нь “Хамгийн эхэнд Япон” гэх тунхаглал юм. Шохэй Камиа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зоригтой шийдвэр, алхмуудаас эрч хүч авдаг гэдгээ нуудаггүй.
Сансэйтогийн энэхүү цойлолт нь нөгөө талдаа эрх баригч Либерал-Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн ажлын үр дүнд ард иргэд дургүй байгаатай холбоотой. Япон улсын эдийн засаг уналтад орж, амьдралын өртөг нэмэгдэж, АНУ-тай хийх худалдаа арилжааны гэрээ хэлэлцээрүүд төвөгтэй байдалд орсон зэрэг нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна.
Зөвлөхүүдийн танхим 248 гишүүнээс бүрддэг. Үүнээс Сансэйто дөнгөж 14 суудал авсан ч иргэд, ялангуяа залуус дэмжсэн анхаарал гойд татаж байгаа юм.
https://news.zindaa.mn/54mn