Ерөнхий сайд өөрөө боомтыг “боомилчихлоо” гэж үү

 Ерөнхий сайд өөрөө боомтыг “боомилчихлоо” гэж үү

 

- Цагаан дэл уулын боомтыг “мега төсөл”-д тусгах Засгийн газрын шийдвэрийг Монгол, БНХАУ-ын тал хүлээж байна -

Ерөнхий сайдын энэ оны нэгдүгээр сарын 12- нд гаргасан албан даалгавраас дурдаж энэ асуудлыг эхэлье. Албан даалгаварт заасан хугацаа, агуулга нь “2024 оны эхний хагас жилд хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл арга хэмжээний тухай” гэснээс нь хэн ч харсан УИХ-ын 2024 оны сонгуультай холбоотойг таамаглана. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар учраас хэрэгжүүлэх ёстой. Тэгээд ч даалгаврын заалтуудыг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд тус тус тусгасан. Үүнд “Боомтын сэргэлтийн хүрээнд” гээд 1.4-т нь “Цагаан дэл уулын жишиг боомт байгуулах” гэж тодорхой зааж, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Зам, тээврийн хөгжлийн болон Гадаад харилцааны сайд нарт нэр цохон үүрэг өгсөн боловч огт хэрэгжүүлсэнгүй.

Нэр дурдсан сайд нар үүргээ биелүүлсэн боловч Ерөнхий сайд өөрөө амаараа зарлаж түдгэлзүүлсэн боомтоо албан бичиг, цаасаар шийдвэр гаргаж өгөхгүй байгаа. Тийм учраас Цагаан дэл уулын олон улсын жишиг гэж тодорхойлсон боомтын ажил гацжээ. Үүнээс гарах арга замыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө л олох учиртай. Тэр нь маш амархан. Уг төслийн ажлыг яаралтай үргэлжлүүлж явуулах шийдвэрээ албан бичгээр өгчихөд л төслийн ажил урагшлахад бэлэн байна.

Энэ бүхэн юунаас болсон бэ гэхээр 2022 оны тавдугаар сарын 27-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзах үеэрээ “Цагаан дэл уулын боомтыг нээх тухай Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолыг түр түдгэлзүүллээ” гэж мэдэгдсэн. Үүнээс болоод төсөл урагшлах ямар ч боломжгүйд хүрсэн .

Түдгэлзүүлэх тухай дээрх мэдэгдлийг Ерөнхий сайд хийснээс хойш гурав хоногийн дараа буюу 2022 оны тавдугаар сарын 30-нд БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ы Өлзий боомтын удирдлагын хорооноос Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны харьяа Хилийн боомтын үндсэн захиргаанд хандан Монгол, Хятадын Өлзий-Цагаандэл уул боомтыг нээж байгуулахад идэвхтэй, тогтвортой хамтын ажиллагааг зохицуулахад дэмжлэг үзүүлэх тухай захидал ирүүлсэн байдаг. Захидал ирсний маргааш болсон Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний хуралдааны тэмдэглэлээс нь харахаар энэ боомтоо нээнэ, замаа барина, ажлын хэсгийг яаралтай байгуулж ажиллая гэж ярилцсан. Гэвч одоогоор энэ ажил нь гацчихаад байна.

Хэдийгээр сонгууль угтаж уг албан даалгаврыг гаргасан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, МАН-ынхан олонх болсон учраас төлөвлөсөн ажлуудаа хэвээр нь үргэлжлүүлнэ гэж найдъя. Энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн найруулахдаа хэлэлцээ хийж жагсаалтад оруулсан ажил шүү дээ, Ерөнхий сайд аа! БНХАУ-ын тал хоёр улсын төр засгийн хэмжээнд тохиролцож протокол үйлдсэний дагуу ажлаа хийчхээд, Монгол Улсын Засгийн газрын боомт нээх шийдвэрийг хүлээж байна.

Цагаан дэлийн боомт яагаад чухал вэ? Юуны өмнө энэ төсөлд Монголын төрөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Хятадын талаас манай улсад 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулсан. Энэ нь зөвхөн боомтын барилга, гаалийн хяналтын талбайд зарцуулсан хөрөнгө. Харин дотоодын аж ахуйн нэгжүүдийн зам, дэд бүтцийн ажилд зарцуулсан хөрөнгө нь 30-аад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гэнэ. Одоо очоод үзсэн ч уг боомтод зориулан тохижуулсан авто замаар тогтохгүй шаардлагатай бүх зүйлийг барьж байгуулаад, байршуулсан байсан, хилээр нэвтрэх оног хэрэгслээ түр буцааж зөөчхөөд хүлээгээд гайхшираад сууцгааж байна. Бүр орон сууцын маш гоё хотхон хороолол, барилга, байгууламж барьчихаж. Гэтэл манай тал хов хоосон, нээх, эсэх нь ч эргэлзээтэй, замаа ч шалгарсан компаниараа бариулахгүй гацаачхаад байна. Концесст шалгарсан компани нь Засгийн газрын тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлж орон нутгийн удирдлагууд болон нөлөөллийн гурван сумынхаа удирдлагатай уулзаж тохиролцжээ. өслийн ач холбогдол, үр ашгийг малчид, иргэдэд тайлбарлан таниулсан байна. Нөлөөллийн бүсийг хоёр км байсныг нь тав болгожээ. Нөхөн олговрын дүн 5-15 сая төгрөг байсныг нь өрх бүрд 10 сая төгрөг болгож, тухайн газар нутгийн иргэд, малчидтай харилцан ойлголцож гэрээ байгуулсан, Байгаль хамгаалах, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг орон нутгийн иргэд, ББ-уудтай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Мөн Хүрмэн сумыг Даланзадгадтай холбох 60 км хатуу хучилттай авто зам барих зураг төслийн ажлыг эхэлж, эхний 30 км замыг бариад эхэлж байна.

Ийнхүү хоёр улс хоёр талаасаа боомтоо барих ажлаа бэлэн болгочхоод байхад Монголын Засгийн газар “түдгэлзлээ” татсангүй. Ер нь тэрхүү түдгэлзсэн шийдвэрийн үр дүнд ямар гоё, сайхан, эдийн засгийн хөгжилд хэрэгтэй зүйл бий болсон юм бэ, Ерөнхий сайд аа? Үүнийг л ойлгохгүй байна. Хэрэв Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолыг түдгэлзүүлээгүй, өнөөдрийг хүртэл боомтоо бариад ашиглалтад оруулчихсан бол ямар байх ?

Эсвэл “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт” зэргээсээ хойш сууж, мөн л түдгэлзүүлэх үү?

Малчдад нөхөн олговор өгч тохиролцсон боловч нутгийн иргэд, ББ-ууд “Төслийг ойлголоо, төр засгийн шийдвэрийг албан бичиг цаасаар авчраад ажлаа хийхэд чинь саадгүй дэмжинэ” гээд байдаг. Хятадын тал хөрөнгөө оруулж баахан гоё боомт барьж байгуулчхаад Монголын Засгийн газрын шийдвэрийг хүлээгээд байдаг. Ийм л зүйл болоод байна. эгэхээр Боомтыг хэн боомилоод байна вэ?

Ташрамд энэ боомт, авто замыг бариулахгүй байх нь хэнд ашигтай вэ гэдэг хардлага болон дурдъя. Урд хөршийн Баяннуур аймгийн Ганцмодноос манай Гашуунсухайт боомт хүртэлх тээвэрт гацаа үүсгэн, тээврийн зардлыг өсгөж ашиг хонжоо олоод сурчихсан Өмнөговь аймаг дахь нэр бүхий удирдах албан тушаалтнууд тэргүүтэй бүлэглэлүүд бий. Тэдний явуулга боомтыг гацаахад маш их нөлөөлдөг. Үүнийг цар тахлын үед тэрхүү бүлэглэл нэг тонн нүүрсийг 200 ам.доллароор 30 км зайд тээвэрлэж ашгаа хувааж авдаг байсан хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байсан нь ч нотолдог. Энэ ашгаа санагалзаад байдаг бүлэглэл бол Цагаандэл уул боомтын хөгжлийг ч, авто замын бүтээн байгуулалтыг нь ч гацаахыг л санаархана. Үүнийг анхааралдаа авна гэж найдъя.

Засгийн газрын “мега төсөл”-ийн ерөнхий дүр зургаас харахад экспорт руу чиглэсэн олон заалт байна. Үүнд монголчууд алга ташна. Харин экспортлох гарцаа хэзээ нээх юм бэ. эр гарцууд яагаад мега төсөлд дурдагдахгүй байна вэ? Нүүрс-хими, кокс-химийн болон гангийн үйлдвэрүүд гэхчлэн бидний хийж бүтээх, барьж байгуулах их үйлсэд алхам тутамд, үйлдэл бүрд мөнгө хэрэгтэй. Энэ бүхнийг экспортын орлогогүйгээр, тээвэргүйгээр яаж төсөөлөх вэ? Энэ онд төлөвлөсөн 32 сая тонн нүүрсээ тээвэрлэхэд дахиад нэг гарц, боомттой болчихсон бол хэчнээн сайхан байх вэ? Боомт нь тэнд бэлэн байна. Авто замыг нь бариг л дээ. Засгийн газрын “мега төсөл” хэрэгжээд эдийн засгийн өсөлт зургаа болон түүнээс дээш өсөг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 8000-10 000 ам.долларт хүрч, ядуурлын түвшин хоёр дахин буурна гэж заасан бүхэн нь биелэг гэж монгол хүн бүхэн хүсэж байгаа. Гэтэл дотоодын аж ахуйн нэгжүүд болон хөршийнхөө оруулсан хөрөнгийг эргэлтэд орох нь байтугай алхам ч хөдлөхгүй гацааж царцаачхаад байна. Ингэхээр хэн хөрөнгө оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай цаашид ярих билээ. Авто замгүйгээр боомт үгүй, боомтгүйгээр экспорт үгүй, экспортгүйгээр хөгжил яриад ч хэрэггүйг танд сануулах нь илүүц биз ээ.

Ийм том асуудал үүсчхээд байгааг “олон том” асуудлынхаа дундаас олж харж, өөрөөсөө шалтгаалах хамгийн амархан шийдвэрийг гаргаж, нэгэн боомтын ажлын боймыг өөрөө тайлж харуулна гэдэгт найдъя.

У.ОРГИЛМАА

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ