Хятадын импортын нүүрсний 48 хувийг Монгол Улс, 29 хувийг ОХУ-аас нийлүүлжээ

Хятадын импортын нүүрсний 48 хувийг Монгол Улс, 29 хувийг ОХУ-аас нийлүүлжээ

 

Хятадын коксжих нүүрсний импорт 2025 оны долдугаар сард 9.62 сая тоннд хүрч, өмнөх сараас 5.7 хувиар өссөн ч өнгөрсөн оны мөн үеэс 11.2 хувиар буурсан гэж тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ. Импортын нийт дүн 800 сая ам.доллар болж, жилийн дүнгээр 52.8 хувиар, сарын дүнгээр 6.6 хувиар буурсан байна. Импортын дундаж үнэ 83.6 ам.доллар/тн болж, жилийн дүнгээр 73.7 ам.доллараар, сарын дүнгээр 11 ам.доллараар буурчээ.
2025 оны 1–7-р сарын хугацаанд Хятадын коксжих нүүрсний импорт 62.45 сая тонн болж, жилийн дүнгээр 8.5 хувиар буурчээ. Үүнээс 48 хувийг Монгол, 29 хувийг ОХУ бүрдүүлжээ.
Импортын бүтцийг Монгол, ОХУ, Канад, Австрали, Индонез гэсэн таван улс зонхилон бүрдүүлсэн хэвээр байна. Тэдгээрээс хамгийн их өсөлт ОХУ-аас (1.05 сая тонн), дараа нь Монголоос (275 мянган тонн) байв. Монгол Улс, ОХУ-ын нийлүүлэлт нийлээд Хятадын нийт импортын 87 хувийг бүрдүүлж, сарын дүнгээр 10 нэгжээр өссөн байна. Үүнээс Монголын эзлэх хувь тогтвортой байсан бол ОХУ-ын эзлэх хувь мэдэгдэхүйц тэлжээ.
  • ОХУ-аас: Хятад улс долдугаар сард 3.38 сая тонн коксжих нүүрс импортолж, жилийн дүнгээр 26.5 хувь, сарын дүнгээр 45.2 хувиар өсөв.
  • Канадаас: 704 мянган тонн импортолж, жилийн дүнгээр 16.4 хувь, сарын дүнгээр 28.7 хувиар буурчээ. Хятадын нийт импорт дахь эзлэх хувь 7 хув болж 4 нэгжээр буурсан.
  • Австралиас: 431 мянган тонн импортолж, жилийн дүнгээр 62.7 хувь, сарын дүнгээр 58.2 хувиар огцом буурч, нийт импортын 4 хувийг эзэлсэн.
  • Индонезоос: 127 мянган тонн импортолж, жилийн дүнгээр 10.2 хувиар буурсан ч сарын дүнгээр 130.8 хувиар өссөн. Хятадын нийт импортын 1 хувийг бүрдүүлсэн.
Монголын коксжих нүүрсний зах зээл өнгөрсөн долоо хоногт хэлбэлзэлтэй байлаа
Өнгөрсөн долоо хоногт Монголын коксжих нүүрсний зах зээлд нийлүүлэлтийн тасалдал болон зах зээлийн өөрчлөлтийн нөлөөгөөр хэлбэлзэл ажиглагдав. Долоо хоногийн сүүлээр коксжих нүүрсний үнэ бага зэрэг өсөлттэй байсан ч, өндөр үнийн санал болон эцсийн шатны хэрэглэгчдээс ирэх эрэлт сулрах хандлагын нөлөөгөөр зах зээлийн оролцогчид болгоомжтой хандаж эхэлсэн байна.
Хятадын зарим кокс үйлдвэрлэгчид долоо дахь удаагийн үнийн нэмэгдлийн хүсэлт болон Монголын уурхайгаас нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь ойрын хугацаанд Монголын коксжих нүүрсний үнийг дэмжихээр байна. Гэвч Хятадын дотоодын кокс үйлдвэрлэгчид есдүгээр сарын 3-нд болох цэргийн парадын бэлтгэлийн улмаас наймдугаар сарын сүүлээс хүчин чадлаа бууруулах төлөвтэй байгаа тул коксжих нүүрсний эрэлт тодорхой хэмжээнд буурч, Монголын нүүрсний үнийн өсөлтийг хязгаарлаж болзошгүй юм.
Монголын нийлүүлэлт долдугаар сард 4.98 сая тонн болж, 2025 онд хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Жилийн дүнгээр 1.1 хувиар буурсан ч сарын дүнгээр 5.8 хувиар өссөн. Үнийн дүн 300 сая ам.доллар, дундаж үнэ 59.8 ам.доллар/тн байсан нь жилийн дүнгээр 68.2 ам.доллараар, сарын дүнгээр 10.5 ам.доллараар буурсан байна. Энэ хугацаанд дотоодын нийлүүлэлт буурч, фьючерсийн зах зээл идэвхжсэн нь Монголын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ