Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталснаар тухайн үед 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зээлийн зургаан сая хүртэлх зээлийг тэглэсэн байдаг юм. Зээлийг тэглэсэнтэй холбоотой Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, зээл аваагүй, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийн асуудлыг мөн зохицуулах хууль гарсан.
Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан юм. Энэ хүрээнд ойрын өдрүүдэд 237.9 мянган иргэнтэй холбогдож, үнэт цаас олгогдсон, дансанд тань мөнгө орно гэх мэтчилэн мэдээллийг хүргэх гэнэ. Эндээс нэг зүйлийг тодруулахад уг хууль нь зөвхөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд хамааралтай учраас халамжаас тэтгэвэр авч байгаа иргэдэд хамааралгүй аж. Харин дээрх хуулийн хугацаанд шаардлагыг хангаж байсан ч нас барсан иргэдийн ар гэрт уг үнэт цаас, мөнгө өвлөгдөх юм байна.