Замын-Үүд боомтын тээврийн зардал 5 дахин нэмэгджээ


Засгийн газрын гишүүд Төрийн ордонд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтад Ерөнхий сайд, бусад сайд нар оролцон, хувийн хэвшлийнхний асуултад хариулж байгаа юм.

Энэ үеэр "Алтан жолоо" группийн захирал В.Энхбаатар Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар хөнджээ. Тэрээр "Тээвэр хүнд байна. Замын-Үүд, Эрээнээр нэвтэрдэг машины тоо эрс цөөрлөө. Тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдыг авлига аваад байна гэж тээвэрчид харддаг. Гэтэл бодит байдал тийм биш. Тэнд ажиллаж буй хэдхэн жолооч, Эрээний хятад иргэдтэй хамтран үнийг өсгөж байна. Жишээлбэл, үүнээс шалтгаалан тээврийн зардал 5 дахин өслөө. Жирийн үед долоон мянгаар явдаг тээвэр өнөөдөр 35 мянгад хүрсэн байна. Үнийн өсөлт нь зах зээлд их нөлөөлж байна. Энэ асуудлыг даруйхан зохицуулах хэрэгтэй. Өмнө нь хилээр 150-200 машин хилээр гардаг байсан. Тээвэрлэлт хэвийн явагддаг цаг үеийг эргэн авчрахад төр засаг анхаараач гэж хүсэж байна. Үүнийг шийдэж болох асуудал шүү дээ" гэв.

Дээрх нөхцлийг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч буй талаараа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Одоо Замын-Үүдэд 74 монгол жолооч ажиллаж байна. Тэдний тоог 100-д хүргэх зорилгоор ГХЯ-тай хамтран ажиллаж байна" гэв. Сангийн сайд Б.Жавхлан дээрх асуудлаар "Эрээн, Замын-Үүдэд тээврийн зардал өсөж байгаа нь далд зүйл. Үүнд төрөөс оролцож, зохицуулах шаардлагатай гэж үзэж байна. Ганцхан Замын-Үүдэд биш Гашуунсухайт дээр бөөгнөрөл, ямар ч хяналтгүй хонгил үүссэн. Ойрын хугацаанд голдиролд нь оруулна" гэсэн юм.          скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ