Эдийн засгийг дэмжих 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд жижиг аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжих тухай тодорхой ойлголт үүсээд буй. Харин экспортлогч томоохон аж ахуйн нэгжүүдэд ямар дэмжлэг үзүүлэх талаар төрийн ордонд өнөөдөр болж буй уулзалтанд хөнджээ. Тодруулбал,
Энержи Ресурс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл уг уулзалтанд оролцож томоохон аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих талаар тодруулж, өөрийн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр "10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдээ дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 3% хүүтэй зээл олгож байгаа гэж ойлгосон. Энэ нь байндаа хүрээд амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Харин экспортлогч аж ахуйн нэгжээ дэмжих хөтөлбөрийг 10 их наяд төгрөгийн хүрээнд яаж багтаах вэ. Экспортлогч аж ахуйн нэгжүүд дотоодын банкнаас зээл авах гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдан, хамгийн ихдээ 20-30 сая ам.долларын зээл авах боломжтой байдаг. Тиймээс экспортын голлох хэсгийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүдэд зээлийн шугам Хөгжлийн банк дээр эсвэл Монголбанкны бодлогын хүрээнд дэмжих боломж бий юу. Дотоодоос санхүүжилт босгох хэцүү тул гадаадаас л авч байна. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгосон. Хүүгийн төлбөрт жилдээ 40-50 сая ам.долларыг гадагш төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр аваад дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой байна" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан "Томоохон аж ахуйн нэгжүүдээ яаж дэмжих нь тодорхой. Төр тогтвортой байх, татвар болон мөнгөний бодлогын орчин тогтвортой байх ёстой. Зээлжих зэрэглэлийг төр сайжруулах ёстой. Тэгж байж таны гадаад өр зээлийг тогтвортой байлгаж, хугацааг уртасгаж, зардлыг бууруулах боломжийг гаргахын төлөө ажиллана. Харин Хөгжлийн банкаар дамжуулж чадна, 200 сая ам.доллар зээлж чадна гэж амалж бид чадахгүй" гэсэн юм.