Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас өнөөдөр (2021.05.12) “Covid-19-ийн дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж, хамтдаа эхлүүлэхийг уриаллаа.
Энэ хүрээнд МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх санаачилгыг дэвшүүллээ. Цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өршөөлийг нэг удаа үзүүлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах нь дээрх үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх, эдийн засаг эрчимтэй сэргэхэд чухал үр дүнтэй гэж үзэж байна. Тухайлбал:
Өршөөл нэг удаа үзүүлэх ажлын хүрээнд,
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх,
- Татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх,
- Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алданги чөлөөлөх,
- Монголбанкны мэдээллийн санд сүүлийн таван жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй муу зээлдэгч аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах саналыг МҮХАҮТ гаргав.