УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2025.11.04/ хамтран хуралдаж, УИХ-ын гишүүнээс буусны дараа олгох тэтгэмжийг цуцлах эсэх асуудлыг хэлэлцэв.   
Байнгын хорооны гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Бид нэг зүйлийг ойлгохгүй байх шиг байна. Эсвэл ойлгоод попроод байдаг юм уу. УИХ-ын гишүүн бол олон түмний мандат авсан, төр барьж байгаа хүн. Олон түмний мандат авсан учир тодорхой хэмжээний хуулийн хамгаалалтууд байдаг. Сонгуулийн үр дүнгээр нэг хүн төрийн шийдвэр гаргах тохиолдол ч бий. Жишээлбэл, О.Дашбалбар тийм байсан. Нэг хүнийг яаж ч болох тохиолдол Монголын түүхэнд гарч болзошгүй. Тийм учраас мандатын эзнийг хуулиар хамгаалдаг юм.
Та нарын ярьж буйгаар бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд тэгш эрхтэй байх ёстой болж байна. Маргаашаас эхлээд эд нарын машин тэргийг зогсоо, хамгаалалттай явдгийг болиул гэж хэлж байна шүү дээ. Үндсэн хуулийн дагуу бүгд тэгш эрхтэй байх ёстой юм бол бүгдээрээ гудамжинд гараад алхацгаа. Монгол төрт улс юм уу, үгүй юм уу. Төрийн нууц гэж байдаг юм уу, үгүй юм уу. Олон түмнээс авсан мандатаа буруу ашиглаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Төр тогтвортой байх ёстой гэдэг утгаар энэ бүх хамгаалалт байдаг.
Эд нар бол шийдвэр гаргаж буй төрийн түшээ.
Японд 1.2 сая иен авдаг. Англид найман сарын хугацаанд тэтгэмж авдаг. Германд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, нууцтай холбоотой ажил хашиж байсан бол бараг насаараа тэтгэмж авдаг. Европын дийлэнх оронд ийм байдаг.
Манай улс Үндсэн хуулиа Германы Үндсэн хуулийг судалж, боловсруулсан. Би Үндсэн хууль баталж байсан гишүүдээс энэ талаар асууж байсан. Энэ бол нууцын хугацаатай холбогдолтой юм гэж хэлж байсан.
30 гаруй жил явж ирснийг өнөөдөр гэнэт ухаардаг “Тэнэгийн ухаан хойно“ гэдэг шиг байж болохгүй шүү дээ. Нэг бол Үндсэн хууль хийсэн хүмүүс тэнэг байсан байна. Эсвэл бид тэнэгэрсэн байна. Аливаа шийдвэр гаргахдаа өнгөрсөн, одоо, ирээдүйг маш сайн бодох ёстой. Өнгөрснөө сайн мэддэг хүн ирээдүйг тодорхойлж чаддаг, популизмаар биш. Тиймээс ажлын хэсэг ажиллахдаа энэ заалт өмнө нь яагаад орсныг маш  сайн хараарай.
УИХ-ын гишүүн бол ард түмний мандат авсан хүн. Энэ үүргээ сайн гүйцэтгэх ёстотй. Мандат авсан хүн, жирийн иргэн хоёрыг харьцуулж ойлгож болохгүй. Ард түмний төлөө зүтгэх үүрэг хүлээсэн учир тэднийг хамгаалдаг гэв.
 

























