“Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр дүнгийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай ярилцлаа.
-Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг болон “Рио тинто” групп хоорондын хэлэлцээр түр завсарлалаа. Эхний шат хэр ахицтай байна вэ?
-Асуудал үүссэн учраас талууд зарчмын байр сууриа илэрхийлж, харилцан хүндэтгэлтэйгээр хэлэлцээр үргэлжилж байна. Эхлэл тун боломжийн тавигдсан гэж хэлж болно.
-Манай тал ямар үр дүн хүлээж байгаа бол?
-Юуны өмнө хувь нийлүүлэгчдийн гэрээний зээлийн хүүг бууруулах ёстой. Манай улсын хувьд 15 жилийн өмнөхөөс эрсдэл хамаагүй багассан, нөхцөл байдал эергээр өөрчлөгдсөн. Олон улсын үнэлгээний байгууллагуудаас BB- үнэлгээ авч, “тогтвортой” ангилалд шилжсэн. Засгийн газрын бондоо олон улсад арилжиж, нөхцөл байдлаа тооцоолдог үнэлэмжтэй боллоо. Хоёрдугаарт, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын хувьд эрсдэл багассан гэж үзэж болно. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж байгаа юм. Мөн тус компанийн засаглалыг сайжруулах шаардлага тулгарч буйг ойрын үеийн үйл явдлууд харуулж байна.
-Хүүг хэд хүртэл бууруулахыг зорив?
-Хэлэлцээр үргэлжилж буй учраас зээлийн хүүг хэд болж бууруулах талаар тодорхой тоо хэлэх боломжгүй. Гуравдугаарт, менежментийн төлбөрийн асуудал бий. Гүний уурхайн цогц төслийг удирдахад нарийн ур чадвар, мэдлэг, туршлага шаардах нь дамжиггүй. Үүнд төлбөр төлөх ёстой юугэвэл тийм. Гэхдээ үр дүнд хүргэж, зардлыг бууруулан, ашиг авчирч чадаж байвал төлбөр төлдөг байх нь олон улсын зарчим. Энэ төлбөрийн 34 нь Монголын тал, 66 хувь нь “Рио тинто”-гоос гарч байгаа. Гэхдээ энэ зардал хэр өндөр байна вэ, яагаад бид бусдаас өндөр хэмжээгээр төлөх ёстой вэ гэдэг асуудлыг зүй ёсоор тавьж байна.
-Тэгэхээр менежментийн зардал гэдэгт хэд хэдэн асуудлыг хөндөж байна, тийм үү?
-Тийм ээ. Тэд энэ компанийг удирдсаныхаа төлөө зардалд суурилж төлбөр авдаг. Гэхдээ олон улсын жишигт нийцүүлсэн үнэлгээгээр төлье гэж байгаа хэрэг. Одоогоор “Рио тинто”-гоос төлдөг зардал дээр, “Оюутолгой” төсөлд менежмент хийсний төлбөр гээд давхардуулж аваад байгаа нь буруу. Үүнийг олон улсын хөндлөнгийн байгууллагууд тогтоочихсон. Хамгийн гол нь үр дүнд суурилж төлбөр төлмөөр байна. Гэтэл үр дүн хамаарахгүйгээр хэт өндөр зардал төлөөд явж байгаа нь цаашид хүлээн зөвшөөрөөд дуугүй суух зүйл биш. Энэ бол шударга биш хэлцлийн үр дүн. Зардлаа нэмэгдүүлэхийн хэрээр бид менежментийн төлбөр илүү өндөр төлөөд байгаа юм. Дараагийнх нь, “Оюутолгой” төслийн засаглалтай холбоотой. Засаглалын асуудал ил тод биш, ТУЗ-дөө бие даасан гишүүд байхгүй, Монголын талын төлөөлөлд бүрэн гүйцэд, нээлттэй мэдээлэл өгдөггүй. Гэрээний хэрэгжилтийг зогсоох “алтан хувьцаа”-ны эрхтэй байх талаар ярих ч боломжтой. Зардал маш өндөр байна. Саяхан “Оюутолгой” компанийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал хөндөгдлөө. Энэ хохирлын 34 хувийг монголчууд төлөөд л явж байна. Тиймээс засаглалыг нээлттэй, зөв болгож, олон улсын түвшинд хүргэхийг аль аль тал нь анхаарах ёстой. Тэгж байж зардлыг, улмаар зээлийн хүүг бууруулах, өгөөж хүртэх хугацааг ойртуулах тухай ярих боломжтой.
-Одоогоор хүрчхээд байгаа үр дүн юүвэ. Тодотгож хэлэх боломжтой юу?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээлийн хүүг долоон жил тутамд нэг удаа тохиролцоно гэж заасан байдаг. Яагаад “долоон жил” гэж заасныг хэн ч мэдэхгүй байна. Энэ заалтыг өөрчилнө гэдэгт хоёр тал саналаа нэгтгэхээр ярьж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах “нэг цонх” долоонжилийн өмнө тохиолдсон. Гэтэл тэр үеийг ашиглаж “долоон жил” гэдэг босго, хаалтыг өөрчлөн, хүүгээ бууруулж чадаагүй. Одоо Засгийн газрын санаачилгаар дээрх заалтыг өөрчлөхөөр талууд ярилцаж байна.
-“2026 оны нэгдүгээр сарын 30-нд дээрх “долоон жил”-д ганц олдох боломж дуусах гэж байна. Үүний өмнө Засгийн газар ажиллахгүй байна” гэж зарим улс төрч шүүмжилж байсан. Тэгвэл одоо энэ хугацаа байхгүй гэж ойлгох уу?
-Тэгж ойлгож болно. Хэлэлцээрт орж байгаа, Засгийн газрын сайд нар ч гэсэн монгол хүмүүс. Бид эх орондоо хайртай. Эх орныхоо ирээдүйд санаа зовж, аль болох илүү боломж авч ирэхийн төлөө тасралтгүй ажиллаж байна. Ажил хүлээж авсан өдрөөсөө л багаа бүрдүүлж, мэргэжилтнүүдээ дайчлаад судалгаа, тооцоогоо хийж эхэлсэн шүү дээ.
-Хамгийн маргаантай нь ямар асуудал байна вэ?
-“Рио тинто”-гийн тал менежментийн төлбөрийн асуудлаарх саналыг хүлээж авахгүй байсан тул бид хэлэлцээрээ зогсоож, шаардлага тавьсан. “Хэлэлцээрийг амжилттай хийхийг хүсэж байгаа бол энэ тухай заавал ярина. Яагаад гэвэл Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс Засгийн газар удирдамж баталсан тул үүний хүрээнд асуудлуудаа тавьж шийдвэрлэх ёстой. Тэгэхээр ажлын хэсэг Засгийн газрын өгсөн удирдамжийг зөрчиж асуудлыгорхих, буулт хийх боломжгүй” гэдгээ хатуу хэлсэн. Үүний хариуд тэд менежментийн төлбөрийн асуудлаар дахин ярилцъя гэсэн.
-Дээрх хэлэлцээртэй зэрэгцэн “Эрдэнэс Оюутолгой”-д хамааралтай 20 сая ам.долларын асуудал, мөн “Оюутолгой” компанийн худалдан авалттай холбоотой урт, удаан хугацааны “мафижсан” буюу гэмт хэргийн шинжтэй авлигын сүлжээг илрүүлсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдлаа. Энэ нь хэлэлцээрийн уур амьсгалд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү. Ийм мэдээллүүд гарах болсон нь хардлага төрүүллээ.
-Тэд ямар мэдээлэлтэй байсныг мэдэхгүй. Бид албан ёсны мэдээллээ өгч, “Оюутолгой” компанийн менежмент, засаглал болохгүй байна, мэдээллээ ил тод болгох шаардлагатай. Энэ бүхний цаана танай талын ч эрх ашиг хамт хөндөгдөж буй шүү дээ. Тиймээс хамтын компанийнхаа төлөө хамтарч ажиллая, эсвэл ийм байдлаар цаашаа явж чадахгүй” гэдгээ шууд илэрхийлсэн.
-Хэлэлцээрийн явцаас харахад өмнөх Засгийн газруудын үед ч хөндөж, “Рио тинто”-той ярилцаж л байсан асуудлууд байна. Төрийн залгамж чанар талаасаа бататгаж явахаар зүйл юу байв?
-Менежментийн төлбөрийн асуудал л байна. Энэ бол “Дубайн гэрээ”-ний үргэлжлэл гэрээ юм. “Дубайн гэрээ”-г УИХ хүчингүй болгосон. Гэтэл үүнд суурилсан менежментийн гэрээг одоо яагаад мөрдөөд яваа юм бэ гэдэг асуудал байна. Зогсоох ёстой биз дээ.
-“Рио тинто”-гийн талынхнаас өмнөх Засгийн газартай ийм тохироо, хэлцэл хийж, амлалт өгсөн гэх хаалт тавьж байна уу?
-Хэлэлцээрийн дотоод асуудлыг ярих нь хориотой. Тиймээс Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хангуулахын төлөө бид бүх боломжоороо ажиллаж байна л гэж хариулъя. Бидний зүгээс саналуудаа тавилаа. Энэ сард багтаж, “Рио тинто”-гийн талаас саналаа ирүүлнэ. Эдгээр саналаа нэгтгэж, гэрээн дээр ажиллана.
У.Оргилмаа
https://www.unuudur.mn/a/278595


























