Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

 

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Синдерелла” эмнэлэгт иргэн З 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан ноцтой хэрэг гарсан байна.

 

Хохирогч З нь олон улсын сургалт, курсуудыг дүүргэсэн мэргэжлийн багтай гэж танилцуулсан эмнэлэгт итгэж, гоо сайхны филлер тарилгыг хийлгэсэн бөгөөд эмчилгээний явцад шүүгдэгч М “GANA V PLLA” найрлагатай филлер бодис болон мохоо үзүүртэй 31G тариурын зүү ашиглан духны дээд хэсэгт тарилга хийх үед судсыг гэмтээснээс торлог бүрхүүлийн артерийн цусан хангамж тасалдсаны улмаас хараа нь бүрмөсөн алдагдсан байна.

Хохирогч хэлэхдээ,

“Хэн ч сохорно гэж мэдсэн бол ийм эмчилгээ хийлгэхгүй. Би мэргэжлийн эмчид итгэж зөвлөгөө авсан. Гэвч үр дүнд хараагаа алдсан. Миний тохиолдол бусдад анхааруулга болох ёстой” хэмээжээ.

Тэрбээр өнөөг хүртэл сэтгэл санааны хүнд байдалтай тэмцэж байгаа бөгөөд өөрийн түүхээрээ дамжуулан гоо сайхны эмчилгээ хийлгэхдээ болгоомжтой байх, зөвшөөрөлтэй мэргэжлийн эмчийг сонгох талаар олон нийтэд анхааруулж байгаа юм.

Энэхүү хэрэг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэд хэдэн удаа хэлэлцэгдсэн.
Анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 24-нд шүүгдэгч М-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэрэгт буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гоо заслын эмчилгээ хийх эрхийг 2 жилээр хасч, зорчих эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл оногдуулжээ. Хохирогч З хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй болсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд хохирогчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг бүрэн хангагдаагүй юм.

Хяналтын шатны шүүх мөн өмнөх шийдвэрүүдийг үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээжээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, шүүгдэгч М нь “Интермед” дээд сургуулийг төгсөж, арьсны эмчээр мэргэшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байсан хэдий ч филлер тарилгын зөв аргачлалыг мөрдөөгүй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэнгийн гаргасан гомдолд дурдсанаар, “Синдерелла” эмнэлэг нь филлер болон тариурын зүүг БНСУ-аас шууд импортолсон нь тогтоогджээ. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7, 15 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн гэж үзсэн бөгөөд эмнэлэг нь эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй хэрнээ эм, хэрэгслийг хууль бусаар импортолсон нь Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч болзошгүй нөхцөл байдал юм.

Шүүх, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч М-ээс 49.2 сая төгрөг, “Синдерелла” эмнэлгээс 190.7 сая төгрөг, нийт 240 сая төгрөгийг хохирогчид төлүүлэх шийдвэр гаргасан байна. Харин хохирогчийн Солонгос болон Непал улсад эмчилгээ хийлгэсэн зардлын баримт нотлох шаардлага хангаагүй тул хэлэлцэхгүй орхижээ.

Шүүхийн шийдвэрт зааснаар, хохирогч З ирээдүйд нотлох баримтаа бүрдүүлж, хуульд заасан үндэслэлээр дахин нэхэмжлэх эрхтэй үлдсэн байна.

Энэхүү хэрэг нь Монгол Улсад гоо сайхны эмчилгээний салбарт мэргэжлийн ёс зүй, аюулгүй ажиллагааны стандартын чухлыг онцолсон сургамж болж, иргэдэд эмчилгээний байгууллага, эмчээ зөв сонгох, эрсдэлээ урьдчилан тооцоолохын ач холбогдлыг дахин сануулж байна.

 

Б.Зул

www.BOLOD.mn

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ