Энэтхэг: Хязгаарыг давсан УТАА

Энэтхэг: Хязгаарыг давсан УТАА

Энэтхэгийн хойд газар нутагт орших хэдэн сая хүний хувьд арваннэгдүгээр сард агаар үнс шиг амттай, тэнгэр нь нар анзаарагдахгүй бүрхэг. Гадаа гарах нь сорилт мэт дарамттай санагддаг аж. Олон хүний хувьд агаарын чанараас шалтгаалан өглөөг хэрхэн эхлүүлэхээ шийддэг. Гэхдээ агаар хэр байгааг тэд мэдэж авах нь ямар монитор байгаагаас бүрэн хамаардаг байна.  "SAFAR", "SAMEER" зэрэг засгийн газрын дэмжлэгтэй агаарын чанар мэдээлдэг аппликейшн 500 хүртэл заадаг. Энэ нь Энэтхэгийн "AQI" (агаарын чанарын индекс) шатлалын дээд хязгаар юм. "PM2.5", "PM10", азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон зэрэг янз бүрийн бохирдуулагчдын нарийн төвөгтэй өгөгдлийг нэг тоо болгон хувиргадаг байна. Гэхдээ "IQAir" зэрэг хувийн, олон улсын хяналтын систем болон нээлттэй хяналтын платформ "AQI" нь тус улсад агаарын бохирдол 500-г давсан, бүр 1000-аас дээш гардаг гэж мэдээлж байна.

Улмаар "Энэтхэгчүүд аль тоонд итгэх ёстой вэ? Энэтхэг улс яагаад 500-аас дээш агаарын чанарын мэдээллийг албан ёсоор мэдээлдэггүй вэ?" гэх асуултыг жил бүр хөндөж байна.

Энэтхэгийн агаарын чанарын албан ёсны хэмжүүрээр 200-аас дээш үзүүлэлт нь ихэнх хүнд амьсгалахад нь тодорхой таагүй мэдрэмж төрүүлдэг болохыг харуулж байна. 400-аас дээш болон 500 хүртэлх үзүүлэлтийг "хүнд" гэж ангилдаг бөгөөд эрүүл болон өвчтэй хүмүүст ноцтой нөлөөлдөг. Гэсэн хэдий ч энэхүү албан ёсны хэмжүүр нь 500-аас хэтрэхгүй.

Учир нь тус улсын Үндэсний агаарын чанарын индекс 10 гаруй жилийн өмнө 500-г босго гэж тогтоосноос хойш шинэчлээгүй байна.

"SAFAR"-ийн үүсгэн байгуулагч захирал Гуфран Бейг энэ талаар хэлэхдээ, "Бид хэдийн хамгийн мууг нь мэдэрсэн тул 500-гаас дээш байсан ч эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь адилхан байх болно гэж үзсэн" гэжээ. Мөн дээд хэмжээ нь 500 болгосноор олон нийтийн дунд санаа зовнил, сандрал үүсгэхгүй байх өөр нэг зорилготой байсан гэж тэрбээр хэлж байна. Хэрэв дээд хэмжээг нэмбэл олон нийт улам бухимдаж, түгшүүрийн нөхцөл байдал үүсгэх аж. "Олон улсын байгууллага болон порталууд ийм хязгаар тавьдаггүй. Тийм учраас олон улсын платформ дээр агаарын чанарын индекс хамаагүй өндөр байгааг бид харж байна" гэж Бейг онцолжээ.

Хиймлээр тогтоосон босгоос гадна аюултай агаарыг тодорхойлоход ялгаа бий. Жишээлбэл, ДЭМБ-ын хувьд "PM2.5" нь 24 цагийн дотор 15 микрограммаас давбал агаарын чанар аюултайд тооцогдоно. Харин Энэтхэгт энэ хэмжээ 60 микрограммаас давсны дараа л аюултай гэж үздэг. Дэлхий даяар нэгдсэн агаарын чанарын индексийн томьёо байдаггүй. АНУ, Хятад, Европын холбоо тус бүр өөрийн агаарын чанарын босгыг заасан байдаг. "ДЭМБ удирдамж гаргадаг бөгөөд улс орон бүр өөрийн дасан зохицох чадвар, цаг агаар, орон нутгийн орчинд үндэслэн индексээ гаргасан" гэж Бэйг хэлжээ. Тиймээс Энэтхэгийн агаарын чанарын индексийг ДЭМБ эсвэл АНУ-ын стандарттай харьцуулах нь бодит байдлыг төөрөгдүүлж болзошгүй юм. Үүнээс гадна хэмжих багаж хэрэгслийн хувьд ч ялгаа байдаг. Энэтхэгийн бохирдлын хяналтын зөвлөл нь агаар дахь бөөмсийн массыг физикээр хэмжиж, заалт бүрт хатуу, стандартчилагдсан хэмжүүрээр тохируулдаг Бета сулруулах монитор (BAM) ашигладаг байна. Үүний эсрэгээр, "IQAir" зэрэг порталууд мэдрэгч дээр суурилсан монитор ашигладаг гэж Энэтхэгийн бохирдлын хяналтын зөвлөлд өмнө нь ажиллаж байсан эрдэмтэн Абхижит Патхак хэлж байна.

Мэдрэгч дээр суурилсан монитор нь гэрэл болон химийн урвалаар агаарт байгаа маш жижиг тоосонцрын тоог ойролцоогоор хэмждэг.

"Мэдрэгч бол өөр хэрэгсэл бөгөөд эдгээрийг нэг удаагийн шалгалтаар тохируулах боломжгүй" гэж Патхак хэлээд "мэдрэгч дээр суурилсан агаарын чанарын хяналтыг Энэтхэгийн засгийн газар хараахан батлаагүй байна" гэжээ. Түүний хэлснээр, Энэтхэгийн агаарын чанарын хүрээг 2009 оноос хойш бүрэн шинэчлээгүй. Улмаар тэрбээр бусад байгаль орчны эрдэмтэн, идэвхтнүүдийн хамт хамгийн сүүлийн үеийн технологид үндэслэсэн хэмжүүртэй болохыг уриалж байна. "Хэрэв бид мэдрэгч дээр суурилсан мониторыг ашиглахыг хүсвэл Үндэсний агаарын чанарын индексийг шинэчлэх шаардлагатай болно" гэж Патхак онцолжээ. Дээд хязгаарыг хасах нь бас чухал гэж Бэйг үзэж байна. Эцэст нь Энэтхэгийн агаарын чанарын индекс 500 дээр зогсдоггүй. Зөвхөн ашигладаг систем нь 500-гийн хязгаартай юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ