Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ТӨХК-тай хамтран ажиллагааны гэрээ байгуулан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байсан уул уурхайн туслан гүйцэтгэгч “Ти ти жи ви си өү” ХХК-нд ажиллаж байгаа инженер, техникч, оператор, токарчин гэх мэт 900 гаруй ажилчид, тэдний төлөөлөл ажлын байраа алдаж ажилгүй болж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Тодруулбал, тэдний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн төдийгүй нийт ажилчдын гэр бүл болон компанитай хамтран ажилладаг бусад компаниудын ажилчдын хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар тэдгээр ажилчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж өнөөдөр шаардлага хүргүүлж байна.
Оператор С. Төрмөнх “Эрдэнэс тавантолгой ТӨХК-ийн ТУЗ нь манай компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг гэнэт цуцлах шийдвэр гаргасан. Энэхүү албан бичгийг бид хууль бус, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бидний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөх бодит байдал үүсээд байна. Бид нарыг хятад компанид ажиллалаа гэж шүүмжилдэг. Мөн хятад ажилчид олон гэж ярьдаг. Үнэндээ 90 гаруй хувь нь монгол ажилчид байна. Бид монгол хүн биш юмуу. Гадны компанийн цалин хангамж, нөхцөл байдал дээр шүү. Төрийн өмчит компани гэхээрээ монгол иргэдээ шалан дээр хаячихаж болохгүй биздээ” гэв.
-Та нар хятад компанид ажиллаад байгаа юм байна. Монгол компанидаа ажиллах боломж хүсэл сонирхол байхгүй гэж үү?
-Хятад компани бишээ, Монголд бүртгэлтэй монгол компани. Хөрөнгө нь гаднаас орж ирдэг байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр Монгол компаниудад гадны хөрөнгө оруулалтгүй компани байна уу байхгүй шдээ. Хятад компани нэг хүнд 100 сая төгрөгийн хүртэл нөхөн төлбөрийг өгч байна. Ар гэрийнхнийг нь хүртэл даатгалд хамруулж байна. Цалин хангамжийн хувьд сайн. Нийгмийн хангамж амралт ажлын хуваарь гээд бүх зүйл цогц шийдэгдсэн.
-Монгол компани 6250 төгрөгөөр хийх хөрс хуулалтыг 12 мянган төгрөгөөр танай компани хийж байсан тул хамтарч ажиллах гэрээг цуцалсан гэж ойлгоод байгаа. Энэ талаар?
-Компани гэдэг бол ашгийн төлөө байгууллага. Тэр үнийн дүнгийн хувьд энгийн ажилчид бид мэдэхгүй. Гэрээний асуудалд оролцдоггүй. Гүйцэтгэх захирал Оюунцэцэгтэй уулзсан. Тэгэхэд “Эрдэнэс тавантолгой компанийн хувьд манай хөрс хуулалтын үнийн дүн дээр маргаан үүсгээд гэрээгээ цуцлах шалтгаан болсон” гэж хэлсэн. Нөгөө нэг асуудал нь Баруун цанхийн уурхайд ажиллаж байгаа компаниудаас бага үнэ өртгөөр манай компанийг ажиллуулахыг хүссэн байна. Тэр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Бид компанийн өмнөөс бүхнийг ярих ёсгүй. Төрийн өмчит компани шийдвэрээ гаргах ёстой.
Түүнчлэн дэлхий нийтэд тархсан Ковидтой холбоотойгоор Ерөнхий сайд ажлын байрыг хумихгүй гэдгээ мэдэгдсэн удаатай. Гэвч зарим нэг компанийн хариуцлагагүй, хоёр компанийн хоорондын гэрээний маргаан үл ойлголцлоос болж дээрх Ти ти жи ви си өү компанид ажиллаж байгаа 950 гаруй монгол ажилтан ажилгүй болох нөхцөл байдалд хүрсэн гэв.
Дээрх энэ хятад компани 3000 гаруй ажилтан, тэдгээрийн ар гэрийн 10 мянга гаруй иргэнийг энэ хүнд нөхцөлд ажил орлогогүй, ажлын байргүй болгож байгаа нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцэхгүй байна хэмээн хэвлэлийн хурал хийсэн жолооч нар хэлэв.
Төрийн өмчит Эрдэнэс тавантолгой ХК нь түүний удирдлагууд гэнэт гэрээг цуцалсан нь компанид ажиллаж буй 900 гаруй үндсэн ажилтан, туслан гүйцэтгэгч байгууллагуудын 3000 гаржй ажилтны хөдөлмөрлөх эрх шууд ноцтой зөрчигдөхөөс гадна тэдгээрийн ар гэрийнхэн нь амьдрах, амь зуух ямар ч боломжгүй болж хохироход хүрээд байна.
“Ти ти жи ви си өү” компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт нэг дор 900 хүн байрлах боломжтой, халуун хүйтэн устай, тав тухтай амьдрах байр, хурлын заал, хоолны заал, спортын иж бүрэн танхим, автозогсоол зэргийг нэг дор цогцлоож ашиглалтад оруулсан юм байна.
Мөн ажилгүй болсон иргэд маргааш 14 цагт Сүхбаатарын талбай дээр тайван замаар жагсаал хийж, төрд үг үзэл бодлоо хүргэнэ гэдгээ хэллээ.
Хамгийн гол нь тэд хоёр компанийн хоорондын маргаан үл ойлголцлоос болж 900 гаруй хүн ажилгүй орлогогүй болж байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хэлэв.