
 
Эрдэнэтийн зэсийн ордын геологийн нөөц үлэмж хэмжээгээр нэмэгдсэнтэй холбоотойгоор зэс хайлуулах шинэ үйлдвэр барих улс төрийн шийдвэр гаргалаа гэж өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар баяртайгаар мэдэгдсэн. Энэ бол яах аргагүй монголчуудын хувьд нэн таатай мэдээ. Монголын төр хийгээд гүйцэтгэх засаглалын тэргүүн улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой уг асуудалд онцгой анхаарал хандуулж, зоригтой, дорвитой шийдвэр гаргаж буй нь сайн хэрэг. Гэвч Эрдэнэт үйлдвэрт хамаарах, үүн лүгээ чухалчлан авч үзэх бас нэг том асуудал шийдлээ хүлээсээр байгааг нэхэн сануулъя.
 
Бантан хутгаад бантсан нь
Монголын төрд өндөр албан тушаал хашиж буй эрх мэдэлтүүд бизнес дэх төрийн оролцоог хумина, хувийн өмчийг дээдэлнэ, эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлнэ гэж улиг болтол ярих авч яг хөрсөн дээрээ үргэлж эсрэгээр ажиллаж ирсэн. Өнөөдөр ч ингэж ярьсаар, үйлдсээр байгаа. Үүний хамгийн том, хамгаас тод нэг жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшилтэй холбоотой маргаан. Маргаан ч юу байх вэ, төрийн дээрэм гээд шуудхан хэлчхэж болно. Яагаад гэвэл Оросын тал эзэмшиж байсан 49 хувийг “Монголын зэс” корпораци /МЗК/ 2016 онд худалдан авч Эрдэнэтийг 100 хувь үндэсний компани болгосон. Гэтэл Засгийн газар хууль бус тогтоол гаргаж, хувийн хэвшлийн 49 хувийг төрд булаан авснаар хамаг хэрэг мандсан түүхтэй. Улмаар маргаан өрнөж, бүх шатны шүүх төрийн буруу болохыг тогтоосон. Тодруулбал, тэртээ 2018 оноос компанийг хохиролгүй болгох буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн ч 2019 оноос зохион байгуулалттай эрүүгийн хэрэг үүсгэснээр асуудал удаашрах шалтаг болсон байдаг.          
Товчхондоо төр төлөөлж буй хүмүүс Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүргэжээ. Жишээ нь, тухайн үед ЗГХЭГ-ын даргаар, үргэлжлүүлэн олон жил Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ анх зуурсан энэ бантангаа аятайхан цэгцэлж, аяга тавгаа цэвэрлэж чадахгүй байсаар суудлаасаа сугарав. Уг нь өнгөрсөн хугацаанд Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, өмчийн маргааныг шийдэх, үе шаттайгаар нөхөн төлбөр төлөх яриа хэлэлцээ эхлүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Арга ч үгүй биз. Анх жирийн бизнесийн зарчмаар явсан хэлцлийг Л.Оюун-Эрдэнэ нар “Системийн авлига”, “Санхүүгийн луйврын схем” гэх мэт сүржин гарчгаар пропаганда хийсээр санасандаа хүрсэн учраас сүүлд нь өөрөө тэр шавар шавхайтайгаа зууралдаж буруутан болж үлдэх гутамшигтай бас онигоотой байсан биз. Тийм ч учраас Дээд шүүхийнхээ шийдвэрийг ч биелүүлэлгүй эцсээ хүртэл гүрийжээ.
Улс төрч албан тушаалтнууд ч яах вэ, улалзахгүй ингэж явсаар унаад огцроод алга болдог. Улс орны болоод бизнесийнхний эрх ашиг л харин энэ бүхний золиосонд улам хохирч үлддэг. Оросуудаас Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам.доллар гэдэг том дүн. Ямар сайндаа дүрмийн дагуу Монгол Улсын Засгийн газарт эхлээд худалдах саналаа тавихад нь шууд авчхаж чадахгүй барьц алдаж байх вэ дээ. Ядаж байхад УИХ-ын сонгууль ид өрнөж, байдгаа шавхчихсан хүнд үед ердөө ажлын 12-хон хоногт багтааж төлбөрөө бүрэн төлөөд авбал ав, байвал бай гэж оросууд тулгасан. Яг ийм эгзэгтэй үед ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг санхүүгийн оновчтой менежмент хийж, МЗК-ийг хэлцэлд оролцохыг дэмжсэн байдаг. Үүнийхээ “шан”-д тэд ашиг орлого олох бус авлигач луйварчин нэр зүүж, хөрөнгө санхүү, цаг хугацаагаар хохирч үлдсэн. Хэрэг явдал эхэлснээс хойш өдгөө бүхэл бүтэн есөн жилийн нүүр үзжээ. Хэрэвзээ бизнесийн талбар руу төр хошуугаа дүрж, хуруугаа шургуулаагүй бол энэ есөн жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр хийгээд аж үйлдвэрийн бусад томоохон компаниудад ямар өөрчлөлт гарах байсан нь тодорхой. Адгийн наад зах нь албан тушаалтнуудын шахаанаас аль хэдийн ангижрах боломжтой байв. Хувийн хэвшлийн оролцоотой газар үйлдвэрлэлийн зардал ямагт буурч, үр ашиг бүтээмж дээшлэхээс гадна, компанийн засаглал сайжирч, худалдан авалт хяналттай болдог. Энэ бол өнөөдөр манай төрийнхний ам хуурайгүй ярьсаар хүссээр байгаа зүйл нь. Харамсалтай нь, тэд хаа байсан есөн жилийн өмнө тэрхүү хүсэл нь яг биелж эхлэх гэж байхад өөрсдөө санаатайгаар өшиглөж унагаж, өвдөглөж дэвсэлж орхисон. Өдгөө өргөж татаж босгохгүй, өр төлбөрөө өгөхгүй гүрийж явна.
Төр нэг талдаа ийм харгис /хувийн өмчийг шууд дээрэмддэг/, нөгөө талдаа ийм дорой /бүх шатны шүүхээр шийдэгдсэн асуудлыг эмхлэх чадваргүй/ байгаа учраас үндэсний томоохон гэгдэх бизнес, компанууд эх орондоо хийж бүтээх хүсэл сонирхол, итгэл үнэмшил нь бөхөж байна. Монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох том төсөл /Эрдэнэт/-д хөрөнгө оруулаад төрдөө шоглуулсан МЗК, “Сахал” Эрдэнэбилэг нар өдгөө бизнесийн эрх чөлөөг дээдэлдэг, хамгаалдаг өөр улс орон, бүс нутгийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулаад, санхүүгийн зөвлөгөө өгөөд, олон зуун сая ам.долларын татвар төлөөд явж байна. Жишээ нь, тэд уул уурхайн бизнесийг сонгодог утгаар нь хөгжүүлдэг Өмнөд Америкийн Чили зэрэг улсад дор хаяж 500 сая ам.долларын бонд босгоод ямар ч асуудалгүй бизнесээ хийж байгаа гэх мэдээлэл бий. Уг нь тэр их хэмжээний хөрөнгө оруулалт өөр улсын эдийн засгийг тэтгэх бус Монголоо өөд татах боломжийг бүрдүүлээд байсан билээ. Энэ нь өнөө Эрдэнэтийн 49 хувийг хувийг худалдан авснаас ч давсан мөнгөн дүн гэдгийг анзаарууштай.  
Зээлийг хулгай гэж гөрдсөн нь
Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалт дээр МЗК-ийг буруутгадаг нэг сэдэв нь “Нийт мөнгөний 70 гаруй хувь нь төрийн мөнгө байсан” гэх мессэж. Мэдээж манай нөхцөлд 400 гаруй сая ам.долларыг арилжааны нэг банк дангаараа гаргах боломж хомс. Тийм учраас ХХБ-наас гадна Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс зээл авах замаар бүрдүүлсэн нь хэн бүхэнд ил тод байдаг. Гэтэл Хөгжлийн банкнаас хөгжлийн зээл авснаараа буруутгагдсан. Үнэхээр МЗК төрийн буюу төсвийн мөнгө хулгайлчихсан юм бол өдий олон жилийн хугацаанд хэрхэн яаж, ямар эх үүсвэр, байгууллагаас “туусан” бэ гэдэг нь бүрэн гүйцэт биш юм гэхэд зах зухаасаа илэрсэн л байх учиртай. Хоёр, гуравхан төгрөг биш 200-300 зуун сая ам.доллар шүү дээ. Ийм их мөнгө жил бүрийн төсвийн тайлан тэнцэл дээр сох дутаж, сондгойрч гарч ирэх л учиртай. Энгийн логикоор бодоход ийм байдаг. Мөн манай төр яаж ч цатгалдаж цамаархлаа гээд их наядаар тоологдох мөнгөө алдчихаад хэнэг ч үгүй орхино гэж байхгүй. Тэгэхээр уг мөнгө тодорхой болзол нөхцөлтэй зээлүүд бөгөөд ном журмаараа төлөгдөх нь төлөгдөөд, эрсдэлд орсон нь зээлдүүлэгч талтайгаа санхүүгийн зарчмаар ойлголцоод явж байгаа гэсэн үг.  
Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам “МЗК-ийн гаргасан мөнгөний 70 хувь төрөөс хулгайлсан мөнгө” гэх агуулга хувийн өмчийг булаахад чиглэсэн гол ухуулга байжээ гэдэг нь улам тодорхой болж байна.
Хоёр тусдаа маргааныг хольж хутгасан нь
Эрдэнэтийн маргааны нарийн учрыг энгийн иргэд тэр бүр ойлгодоггүй. Өмнө нь сайдалж, зайдалж явсан хүмүүс “Сахал Эрдэнэбилэг гэх нэг айхавтар мангас гарч ирээд Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг залгичихлаа” гэж өргөн олонд итгүүлсэн. Өдөр шөнөгүй тархи угаалт явуулсан. Үр дүнд нь үнэн бүдгэрч худал тодорсон. Үнэн хэрэгтээ улс орон бүрд байдаг л нэг бизнесийн хэлцэл байсан. Тийм ч учраас өөрийн хөрөнгөөрөө худалдан авсан өмчийг нь бизнесийн компаниас төр булааж авсан процесс бүгд хууль бус явагджээ гэдгийг Монгол Улсын Дээд шүүх аль эрт эцэслэн тогтоосон билээ. Тэгэхээр энэ асуудлыг давтан дэлгэрүүлж нурших нь илүүц юм. Одоо зөвхөн Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, компанийг хохиролгүй болгох асуудал л дутуу байгаа.
 
Харин Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзсан нь хуулийн зөрчилтэй эсэх, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт, концессын гэрээ байгуулахдаа тухайн үеийн албан тушаалтнууд аль нэг компанид давуу байдал олгосон уу, үгүй юу гэдгийг тогтоох зорилготой шүүхийн маргаан тусдаа. Энэ процесс хуулийн дагуу үргэлжилж байгаа. Эрхбиш хуультай, шүүхтэй улс юм хойно уг асуудалд холбогдогсод цаг нь болоход нэг талдаа гарцгаах биз.    
Хамгийн гол нь, бизнесийн зарчмаараа явж байсан ажлыг төрийн эрх мэдлээр далайлган бусниулсан хүмүүс уг хэлцэлд оролцсон компаниудыг цаг ямагт хулгайч, луйварчин болгож харагдуулахыг эрмэлзсэн учраас улс орондоо татвар төлж яваа жирийн бизнесүүдийн нэр хүндэд маш гүн сэв сууж үлдлээ.  Тиймээс энэ компаниудын хөрөнгө санхүүжилтыг шийдэж, хөл дээр нь анх босгосон ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн Д.Эрдэнэбилэг эх орондоо яаралтай ирж эдгээр маргаанаа нэг тийш болгох, хохирогч уу, хохироогч уу гэдгээ тогтоолгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Эрдэнэтийн маргаан огт шийдэгдээгүй, гол холбогдогч нь буруутай учраас гадагш оргон зайлсан, эргээд ирвэл шууд шоронд орох нь тодорхой гэсэн ойлголт масст байсаар л байна. Тэр ч бүү хэл, компанийн жирийн ажилтнууд хүртэл нийгмийн дайсан мэт ад үзэгдэх нь бий.     
Ард нь гарч цэглэх үү, арав дахь жил рүүгээ орох уу
 
Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар төрийн өмчит компаниудын алдагдал их, дарга даамлуудын цалин урамшуулал өндөр байгаа талаар сүүлийн үед ихээхэн халаглаж буй. Жишээ нь, Хөтөлийн цементийн үйлдвэр нэг төгрөг олохын тулд 1.7 төгрөгийн зардал гаргадаг, Дарханы төмөрлөгийн үйлдвэр бүх дэд бүтэц нь шийдэгдсэн хэрнээ үндсэн хүчин чадлынхаа 15-хан хувиар үйлдвэрлэл явуулж байна гэх мэт хэцүүхэн мэдээтэй байгаа. Энэ бүхний суурь шалтгаан нь ердөө л төр өөрөө бизнес, үйлдвэрлэл рүү хэт хутгалдаж, үр бүтээлгүй шахааны албан тушаалтнаар дүүргэснийх. Тэд нар нь хамаг ашгийг сорж шимэгчилж буйтай л холбоотой. Ийм нөхцөлд дарга нарын цалинг танах гэх мэт өнгөц арга хэмжээ аваад дорвитой өөрчлөлт гарахгүй. Ер нь төрийн өмчит томоохон компаниудад хувийн юм уу олон улсын бие даасан чадварлаг менежментийн баг оролцож байж л бүтээмж, үр ашиг нь сайжирна. Компанийн засаглал нээлттэй болж, авлига, шахаа, хулгай цэгцэрнэ гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Тиймээс төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэх шинэчлэлийг шуурхайлахын зэрэгцээ өмнөх засгийнхаа том алдаанд нэгмөр цэг тавьчхаад урагшламаар байна. Аж үйлдвэрийн салбар, төрийн өмчит компаниудын нүүр царай болох Эрдэнэт үйлдвэрт энэ олон жил ужгирсан асуудлыг амжиж цэглэж, ард нь гарч цэгцлэх үү, алмай байдлаа үргэлжлүүлж арав дахь жил рүүгээ орох уу гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэх цаг ирлээ. Үндэсний баялгийн сангаа арвижуулж, үндэсний аж үйлдвэрээ өргөжүүлэх дэврүүн эрмэлзэлд өмнөх том алдаа цөв, сэв болуужин. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулах боломжтой боллоо хэмээн хөөрцөглөж байгаа ч МЗК буюу “Сахал” Эрдэнэбилэгийн багийнхан 2017 онд энэ хэмжээг бүр 50 сая тоннд хүргэх технологийн шийдэл, төлөвлөгөөг боловсруулаад, хэрэгжүүлэх гэж байсныг мартаж боломгүй.    
Монголын төр гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн өмнө, олон улсын тавцанд “Хувийн хэвшил, бизнест хамгийн халтай дээрэмчин төр” гэсэн муу имижээс үтэр ангижирч, “Хувийн өмч, бизнесийн эрх чөлөөг хангадаг, хамгаалдаг, дээдэлдэг төр” гэсэн сайн жишгийг бодит үйлдлээр үлгэрлэн харуулах шаардлагатай байна.  
https://itoim.mn/a/2025/09/09/article/uhd?970dddc2d57eed357fbe6df4d370fdd8
скачать dle 12.0