Замын-Үүд дэх хилийн боомтоос сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн их ачааг хилээр нэвтрүүлсэн талаар мэдээлэв. Тодруулбал өчигдөр
- Өргөн төмөр замаар 88 галт тэрэг,
- Авто замаар 98 машинд ачаа ачиж, хилээр оруулжээ.
Замын-Үүд боомт манай улсын экспорт, импортод томоохон үүрэг гүйцэтгэдэг. Гэвч тус боомтын үйл ажиллагаа удааширч, импортын бараа их хэмжээгээр овоорч, нийлүүлэлт удааширснаас өргөн хэрэглээний барааны үнэ өссөн юм.
Иймд нэг сарын өмнө Замын-Үүд боомтод Засгийн газраас тусгай баг томилон ажиллуулж байна. Уг багийг ажил хүлээж авахад өдөрт импортоор 100 автомашин улсын хилээр ордог байсан бол өнөөдөр 170 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ.
Цар тахалгүй үед өдөрт 150 автомашин Замын-Үүдээс Эрээн боомт руу нэвтэрдэг байсан бол одоо 140 болж, өмнөх хэмжээнд дөхжээ. Энэ талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх “Ачааг галт тэргээр мөн татан авч байна. Өчигдөр 41, өнөөдөр 67 ачаатай галт тэрэг хилээр орж ирсэн. Барааны эргэлт сайжирч байна. Нүүрс тээврийн машинууд өмнө нь нүүрсээ тээвэрлэчхээд хилээр ачаагүй орж байсан бол энэ сарын 28-наас ачаа тээвэрлэж эхэлсэн” гэжээ.
Одоогоор Эрээн боомтод олон сар хуримтлагдсан 50 мянган тонн ачааны 40 гаруй мянгыг нь татан авчээ. Ажлын хэсгийнхэн үлдсэн ачааг ойрын хугацаанд татаж авахаа мэдэгдэв гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.