Нүүрс тээврийн жолооч нар "үнийг хэт хямд болгосон" гэх шалтгаанаар ажил хаях талаар мэдэгдээд буй. Энэ асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтоос тодруулахад "Гашуунсухайтын уртын тээвэрт монгол жолооч нар, богинын тээвэрт ихэвчлэн хятад жолооч нар явдаг. Миний хувьд өнгөрсөн есдүгээр сард Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл тонн нүүрсийг 55 юаниар тээвэрлэдэг байсныг 100 юань болгож нэмж өгсөн.
Харин Эрдэнэс таван толгой компани өнгөрсөн нэгдүгээр сард тээвэр хийх ААН-үүдийн дунд сонгон шалгаруулт зарлаж, тэр дагуу тээвэр хийлгэж эхэлсэн юм байна лээ. Өөрөөр хэлбэл, тонн нүүрсийг 55 юаниар тээвэрлүүлж байгаа. Үүнийг жолооч нар "хэт хямд үнээр тээвэр хийлгэж байна" хэмээн эсэргүүцэж, ажил хаях асуудал ярьж байгаа юм байна.
Эрдэнэс таван толгой компани өөрсдөө сонгон шалгаруулалт зарлаж, тэр дагуу нь "жолооч нар 55-аар тээвэрлэж болно" гээд ажлаа хийж байгаа тохиолдолд би дундуур нь орж, үнийг нь өсгөх боломжгүй" гэлээ.