800 хятадын гол зохион байгуулагч Лью Тинхуа 12 жилийн ялаа эдлэхээр боллоо

800 хятадын гол зохион байгуулагч Лью Тинхуа 12 жилийн ялаа эдлэхээр боллоо

 

Монгол Улсад орж ирээд гэмт үйлдэл өдүүлэхийг завдсан 800 гаруй хятад хүний гол толгойлогч гэж хэлж болох БНХАУ-ын иргэн Лью Тинхуа өмгөөлөгч нарынхаа хамтаар Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг өчигдөр Эрүүгийн хэргийн танхимынхан хянаад хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Түүнийг цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 12 жил хорих ял шийтгээд байсан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн өнгөрсөн гуравдугаар сард түүнд холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч 12 жил хорих ял эдлүүлэх шийдвэрийг нь хэвээр үлдээсэн билээ.

“Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийн захирал Лью Тинхуа нутаг нэгтнүүдтэйгээ хамтарч 2019 оны есдүгээр сарын 27-нд Тайландын “Стар петролиум рифинг паблик компани лимитед” болон АНУ-ын “Шеврон Юү Эс Эй инк” гэх шатахуун үйлдвэрлэгч компанийн хоорондоо харилцаж байсан цахим хаягт халдаж төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой хуурамч цахим шуудан илгээж 22.4 сая орчим ам.доллар нэхэмжлэн авч 59.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан. Уг мөнгөө Камбож улсаар дамжуулан Монголд байгуулсан “Мултидимэншионал интернэшнл” ХХК-ийнхаа данс руу хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан суудлын болон туулах чадвар сайтай жийп зэрэг есөн автомашин авч мөнгө угаасан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудалд нутаг нэгт олон хүнийг байршуулж зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлэн залилах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэхийг завдсан хэмээн буруутгасан байдаг.

Улсын дээд шүүхийнхэн түүний хэргийг хэлэлцэхээс татгалзсан үндэслэлдээ “Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа” хэмээсэн байв.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ