Сирийн нийслэл Дамаск хотод Ираны Консулын газрыг устгаж, нэр нөлөө бүхий хоёр генерал болон ажил албаа гүйцэтгэж явсан 10 хүний аминд хүрсэн Израильд зохих ёстой шанг нь хүртээнэ гэж Ираны засгийн газар мэдэгдэв. Түүнчлэн Даваа гаригт болсон халдлагын үеэр Сирийн дөрвөн хүн амиа алдсан. Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газар болон Ираны гол холбоотон байсан Хезболла мөн адил Израилийг “шийтгэж, өшөөгөө авна” гэж амласан байна.
Ираны НҮБ-ын орлогч Элчин сайд Захра Эршади "Аюулгүй байдлын зөвлөл" дээр ойр орчмын хэд хэдэн иргэд халдлагын үеэр шархадсан гэж мэдэгдсэн. "Дипломат байр бүхэлдээ сүйрсэн тул нурангид дарагдсан хүмүүсийн эцсийн тоо тодорхойгүй байна" гэжээ.
Израиль Даваа гаригт болсон халдлагын талаар мэдэгдэл гаргаагүй байна. Ираны хувьд Газад тэмцэж буй хамас, палестинчууд болон Хезболлад зэвсгийн тусламж хүргэдэг тул Израиль сануулга өгсөн байж магадгүй гэж олон улсын шинжээч нар үзжээ. Газын зурваст дайн эхэлснээс хойш бараг зургаан сарын өмнө Ливаны хилийн дагуу Израиль ба Хезболлагийн хоорондох мөргөлдөөн нэмэгдсэн юм. Эршади Израилийг бүс нутгийн болон олон улсын энх тайванд заналхийлж байна гэж буруутгаж, "Израилийн дэглэмийн үйлдсэн бүх гэмт хэрэгт АНУ хариуцлага хүлээх болно" гэж мэдэгдэв.
Агаарын цохилтоор 2016 он хүртэл Ливан, Сири дэх Ираны Хувьсгалт гвардийн Кудс хүчнийг удирдаж байсан генерал Мохаммад Реза Захеди, түүний орлогч генерал Мохаммад Хади Хажриахими болон өөр таван офицер амь үрэгджээ.
Халдлагад “Хезболла” бүлэглэлийн гишүүн Хуссейн Юсеф мөн амь үрэгдсэн байна.
Ираны ерөнхийлөгч Эбрахам Раисигаар даргалсан Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөл Даваа гаригийн орой хуралдаж, Израилийн цохилтод шаардлагатай хариу арга хэмжээ авахаар шийджээ. "Бид тэднийг гэмт хэрэг болон үүнтэй төстэй үйлдлүүддээ харамсуулах болно" гэж Ираны төрийн удирдагч Аятолла Али Хаменеи хэлэв.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Дамаскт болсон цохилтод АНУ ямар ч үүрэг гүйцэтгээгүй бөгөөд энэ талаар урьдчилж мэдээгүй гэж мэдэгджээ. НҮБ-д суугаа АНУ-ын дэд элчин сайд Роберт Вүүд "Бид энэ талаар Иранд шууд мэдэгдсэн" гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хэлсэн. АНУ энэ үйл явдлын талаар ямар ч мэдээллийг батлах боломжгүй" гэж мэдэгджээ.
Газын зурваст аравдугаар сарын 7-нд дайн эхэлснээс хойш Ираны итгэмжлэгдсэн төлөөлөгчид халдлага үйлдлээ эрчимжүүлж, Хезболла болон Израилийн хооронд өдөр бүр хил дамнасан солилцоо, Ираны дэмжлэгтэй Хути босогчид Улаан тэнгисийн усан онгоц руу ойр ойрхон халдлага үйлдэж байна. Ираны объектуудад цохилт өгч байгааг хүлээн зөвшөөрөөгүй Израиль Даваа гаригийн өглөө Израилийн өмнөд хэсэгт байрлах тэнгисийн цэргийн бааз руу нисгэгчгүй онгоцоор халдсанд Ираныг буруутгасан юм.
Эх сурвалж: APNews