Оюутолгой 2021 онд зардлаа бууруулан ажиллахаар болсон байна. Шалтгаан нь, Оюутолгойн гүний уурхайн ТЭЗҮ болон төсөв нь шинэчлэгдэж батлагдаагүйтэй холбоотой гэнэ. Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар орж, батлагдах ёстой ч эдгээр асуудал гацсанаас ийнхүү Рио Тинто төсвөө танахад хүрсэн байж болзошгүй талаар шинжээчид бичжээ. Энэ таналт зөвхөн Оюутолгойд төдийгүй ханган нийлүүлэгчдэд нь хүртэл нөлөөлж эхэлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Оюутолгой компанийн томоохон ханган нийлүүлэгчдийн нэг болох Уорли компанийн захирал Жим Бэнсон ажилтнууддаа хандан илгээсэн захидалд “Монгол ажилтнуудаа бүгдийг нь авч үлдэж, гадаад ажилтнуудаа цомхтгосон. Оюутолгой болон Рио Тинтогийн төсөвт төслийг бүрдүүлж буй бүх компанийн төсөв бүрэн багтаж, батлагдаагүй” талаар дурджээ.
Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлсэн 2010 оноос хойш манай улсын төсөвт 2,9 тэрбум ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлсэн байдаг. Нийт 770 компани ханган нийлүүлэгчээр ажилладаг. Мөн 12 мянган хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд үүний 95 хувь нь монгол ажилтнууд аж.