Баасан гарагийн арилжааны үеэр Тесла компанийн хувьцааны ханш 10 орчим хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь $60 тэрбумаар буурсан нь тус компаниас танилцуулсан шинэ бүтээгдэхүүний загвар хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүйтэй холбоотой байлаа.
Пүрэв гарагийн орой Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск компанийнхаа ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсэг болох хоёр хүний суудалтай Cybercabs робот таксины загварыг танилцуулсан юм.
Жолооны хүрд, хурдасгуурын гишгүүр (хааз гэгддэг) огт байхгүй энэ тээврийн хэрэгсэл А цэгээс Б цэгт хүмүүсийг жолоочгүйгээр, автоматаар хүргэх зориулалттай.
Гэхдээ энэ нь анхны ийм технологи биш бөгөөд Vaymo компани робот таксины үйлчилгээг туршаад удаж байгаа юм.
“Өндөр хяналттай, урьдчилж бэлдсэн орчинд үзүүлсэн Cybercab-ийн загвар нь хүүхдийн паркийн тоглоомон машинаар богино зайд, удаан хурдаар аялахтай тун төстэй байлаа. Харьцуулбал Vaymo компанийн робот такси томоохон хотуудад долоо хоног бүр 100,000 аялал гүйцэтгэж байгаа нь Теслагийн үзүүлбэрээс илүү сонирхол татаж байна” гэж Wells Fargo банкны шинжээч Колин Ланган дүгнэжээ.
Ерөнхийдөө Теслагийн төлөвлөгөө нь хэт ерөнхий, бодит хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэлгүй байсан нь мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг дагуулж байна.
“Теслагийн Роботакси арга хэмжээ нарийн ширийн мэдээллээр тун хомс байлаа. Маск бараг арван жилийн турш автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн талаар ярьж байгаа тул өнгөрсөн шөнө илүү нарийвчилсан замын зураглал өгнө гэж бид найдаж байлаа. Гэтэл тийм зүйл огт болсонгүй” гэж Bernstein компанийн шинжээч Тони Сакконаги ярьжээ.
Хэдийгээр Маск робот таксигаа 2026, 2027 оны аль нэгэнд зах зээлд нэвтрүүлэхээ амласан ч техникийн болон зохицуулалтын орчны олон саад бэрхшээл, тодорхойгүй байдлын улмаас богино хугацаанд ашигтай бизнес болох боломж муутай гэж тэр үзэж байна.
Өчигдрийн хөрөнгийн зах зээлийн арилжааны үеэр Uber компанийн хувьцааны ханш 9 хувиар өссөн нь Теслагийн робот такси тус компанийн үндсэн бизнестэй ойрын үед өрсөлдөж чадахгүй нь тодорхой болсонтой холбоотой байв.
Эх сурвалж: Business Insider