Хүүхдэд зориулсан вакцин 2021 оны сүүлээр гарах төлөвтэй байна


2021 оны 5 дугаар сарын 10 буюу өчигдрийн байдлаар манай улсад коронавирусын халдвар авсан нийт 35780 хүний 9679 буюу 27,05 хувийг хүүхдийн халдвар эзэлж байна. Үүнтэй холбогдуулан  Монгол Улсад ирэх долоодугаар сараас өмнө хүүхдэд зориулсан вакциныг татан авна гэж өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурлаар зарласан. Хүүхдийн дархлаажуулалтанд ямар вакцин хэрэглэх тухай тодорхой шийдвэрт хүрээгүй ч ДЭМБ-аас хүүхдийн дархлаажуулалтанд хүлээн зөвшөөрсөн вакциныг худалдан авахаар төлөвлөж буй юм. Тэгвэл вакцин бүтээгчид хүүхдийн вакцин бүтээх талаар ямар судалгаа шинжилгээ явуулж буй талаар товчлон хүргэе.

Pfizer вакциныг 12-15 насныханд туршихдаа насанд хүрэгчдэд хэрэглэсэн тунгаар гурван долоо хоногийн зайтай хоёр тун тарьсан байна. 

Тус компани хэвлэлийн мэдээндээ уг вакцин аюулгүй бөгөөд хөнгөн болон хүнд хэлбэрийн Ковидоос хамгаалах үр дүн нь 100 хувьтай байна гэж мэдээлжээ. Хүнс, эмийн удирдах газраас зөвшөөрснөөр ойрын саруудад 12-оос 15 насны хүүхдүүдийг вакцинжуулах үйл ажиллагаа эхлэх аж. 

Moderna компани мөн 12-оос 17 насны хүүхдүүдэд мөн туршилтаа явуулж дуусжээ.  Тус компани мөн л насанд хүрэгчдэд тарьсан вакцины тунг хүүхдүүдэд хийсэн байна. Хоёр тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийсэн бөгөөд судалгааны үр дүн ойрын үед гарах төлөвтэй байна.

Johnson & Johnson вакцины туршилтаа 16-17 насны цөөн тооны хүүхдүүдэд хийжээ. Гэвч цусны бүлэгнэл үүсгэсэн гэх мэдээллийн дараа туршилтаа зогсоосон байна.

Хэрвээ вакцин энэ насны хүүхдүүдэд үр дүнгээ үзүүлж, аюулгүй нь нотлогдвол цаашдаа 12-15 насныханд туршилтаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байв. 

AstraZeneca болон Оксфордын их сургуулийн хамтран гаргасан вакциныг 6-17 насны цөөн тооны хүүхдэд өнгөрсөн хоёрдугаар сард туршиж эхэлсэн ч удалгүй зогсоосон байна.

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ВАКЦИН ХЭЗЭЭ ГАРАХ ВЭ? 

Pfizer / BioNTech болон Moderna компаниуд зургаан сартайгаас 11 нас хүртэлх хүүхдүүдийн дунд Ковидын вакцины туршилтаа хийж эхлээд байна. Pfizer / BioNTech-ийн туршилтад эхний ээлжид 144 хүүхдийг хамруулна гэж өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Форбс мэдээлжээ.
Бага насны хүүхдүүдэд өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд хийснээс харьцангуй бага тунгаар туршилтаа хийж эхэлжээ.
 

Туршилтад хамрагдаж байгаа хүүхдүүдийг насаар нь:
  • 6 сартайгаас 2 нас
  • 2-5 нас
  • 5-11 нас гэж хуваасан байна. 
Насанд хүрэгчдэд нэг тунд 30 микрограмм хийдэг бол бага насны хүүхдүүдэд 10 микрограммаар хийж байгаа аж. 
Ямар тун хэдэн насны хүүхдэд таарахыг тогтоосны дараа илүү олон хүүхдийг судалгаандаа хамруулж, вакцины үр нөлөөг тодорхойлох аж. 
Эдгээр бүх алхмуудыг хийхэд багагүй хугацаа шаардагдах гэнэ. 
Тиймээс хүүхдэд зориулсан вакцин 2021 оны сүүлээр, 2022 оны эхээр гарах төлөвтэй байна. 

Эх сурвалж: gogo.mnскачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ