АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Эрхэм дээд Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъянд бараалхав.
Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцжээ.
Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын талаар танилцуулсан. Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцсон байна.
Талууд уул уурхай, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, цахим хөгжил, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ.
Ерөнхийлөгч Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян дээрх салбарт хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байгааг онцлов.
Мөн талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар болсон хэмээн Засгийн газраас мэдээллээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ