
Өнгөрөгч 2020 онд үндэсний 83 үйлдвэр, цехэд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 малчин, мал бүхий этгээдэд 30.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ.
Харин санхүү, татварын тайлангийн 2020 оны мэдээллээр үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан илгээсэн зөрчилтэй 6 үйлдвэрт ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдийн мөнгөн урамшууллыг олгоогүй байна. Энэ үйлдвэрүүд санхүү, татварын тайлангаа залруулан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд урамшуулал олгохыг түр хойшлуулсан. Тэгэхээр дээрх үйлдвэрүүд зөрчлөө шийдвэрлэсний дараа малчид мөнгөн урамшууллаа авах боломжтой аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтын дагуу үндэсний үйлдвэрүүд малчин, мал бүхий этгээдээс хонь, тэмээний ноос худалдан авахдаа иргэний цахим үнэмлэхийн QR кодын бүртгэлээр и-баримт үүсгэнэ. Тухайн малчин, мал бүхий этгээд үйлдвэрийн үүсгэсэн и-баримтыг баталгаажуулснаар 2021 оны ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болох юм.
Үндэсний үйлдвэрүүд и-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын албанаас авч болохоос гадна харьяа яамны албан ёсны mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудсанд дэлгэрэнгүй мэдээллийг байршуулжээ.