Барууныхны зарчмаас давсан эрх ашиг

Барууныхны зарчмаас давсан эрх ашиг

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Лхагва гаригт Энэтхэгт ногдуулах татвараа хоёр дахин нэмэгдүүлэн 50 хувь болгосон. Энэ нь Оросын нефтийг импортолж, Украин дахь дайныг санхүүжүүлснийх нь төлөө Энэтхэгийг шийтгэж буй хэрэг байв. Ачир дээрээ АНУ, Европ аль аль нь дайны өмнөх хэмжээнд хүрэхгүй ч гэлээ Оростой олон тэрбум ам.долларын худалдаа хийсээр байна.

Оростой бизнес эрхэлж буй улсууд зөвхөн Энэтхэгээр тогтохгүй тул Трампын тарифын нэмэгдлийг шударга бус шийдвэр гэж Шинэ Дели үзэж байна. Тиймээс хариу арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн билээ.

Украин дахь дайн эхэлснээс хойш Орос, АНУ-ын хоорондын худалдаа 90 орчим хувиар буурсан. Гэсэн ч АНУ өнгөрсөн жил Оросоос гурван тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Харин Оросын эсрэг хориг арга хэмжээнд АНУ-тай мөр зэрэгцэн нэгддэг Европын холбоо 2024 онд Оросоос 41.9 тэрбум ам.долларын бараа импортолсон байна.

Вашингтон Д.С-д төвтэй Атлантик зөвлөлийн Эдийн засгийн хөгжлийн санаачлагын захирал Кимберли Донованы хэлснээр тодорхой хэмжээний худалдаа байгаа ч гэлээ цаашид энэ хэмжээг бууруулахын тулд асар их алхам хийж буй нь чухал. Тэрбээр "АНУ, Европын холбоо аль алинд нь Канад зэрэг оронтой худалдаагаа нэмэгдүүлж, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ авах асар их боломж байгаа" гэжээ.

Статистик харвал, 2022-2025 оны эхний улирлын хооронд Европын холбооны Оросоос импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ даруй 86 хувиар буурсан байна.

АНУ-ын Оростой хийж буй худалдааг доор нэгтгэв: 

-Бордоо: АНУ энэ оны эхний хагаст 927 сая ам.долларын бордоо импортолжээ. Харин өнгөрсөн онд импортолсон бордоо нэг тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна. АНУ мочевин, мочевин аммонийн нитрат болон калийн хлоридын калийн муриат буюу калийн гурван төрлийн химийн бордооны импортдоо Орост онцгойлон найддаг.

АНУ Беларусийн калийн бордоонд хориг тавьсан шигээ ОХУ-д хориг тавихгүй бол энэ байдал зогсохгүй. ОХУ дэлхийн хамгийн чухал бордоо нийлүүлэгч хэвээр байна гэдгийг "S&P Global Commodity Insight"-ийн Бордооны шинжилгээний албаны дарга Аллан Пикетт хэлжээ.

-Палладий: АНУ 2021 оноос хойш Оросын палладийг импортлохоо эрс багасгасан. Гэсэн ч 2024 онд 878 сая, 2025 онд 594 сая ам.долларын худалдааг тус тус хийжээ. Палладий нь автомашины катализаторын гол бүрэлдэхүүн хэсэг юм.

-Уран ба плутони: АНУ энэ оны байдлаар Оросоос 755 сая ам.долларын уран, плутони импортолсон байна. Харин 2024 онд 624 сая ам.долларын бараа импортолжээ.

Европын холбооны орнуудын Оростой хийж буй худалдаа: 

-Нефть: Украины дайн эхлэхээс өмнө ОХУ нь Европын холбооны газрын тосны хамгийн том нийлүүлэгч байсан. Гэвч дайн дэгдсэнээр Европын холбоо Оросын далайн нефтийн импорт, дизель түлш зэрэг боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьсан. Үүний үр дүнд Европт газрын тосны импорт 2025 оны эхний улиралд 1.72 тэрбум ам.доллар болж буурчээ. 2021 оны мөн улиралд Европын Оросоос импортолсон газрын тосны хэмжээ 16.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв.

Өнгөрсөн сарын байдлаар Оросын чулуужсан түлшийг хамгийн их хэмжээгээр импортолсон Европын орнуудын тоонд Унгар, Франц, Словак, Бельги, Испани багтаж байна. Унгар, Словак улсууд түүхий нефтийн импортын дийлэнх хувийг бүрдүүлсэн бол бусад нь шингэрүүлсэн хийг ихэвчлэн импортолжээ.

-Байгалийн хий: ОХУ-ын байгалийн хийн үнэ сүүлийн дөрвөн жилд үнийн өсөлтийн нөлөөгөөр тэнгэрт хадсан билээ. Европын холбоо 2025 оны эхний улиралд 5.23 тэрбум ам.долларын байгалийн хий импортолсон байна. Гэхдээ Европын холбоо 2021 оноос хойш Оросоос хамааралтай байдлаа аль болох бууруулахаар тэмцсээр байгаа аж. 2025 оны байдлаар дөрвөн жилийн өмнөх 22 хувиас 19 хувьд хүрч буураад байна.

-Төмөр, ган: Европын холбоо ОХУ-ын төмөр, гангийн импортын хэмжээг эрс бууруулсан. 2025 оны эхний улиралд төмөр, гангийн импорт 850 сая ам.доллар болсон нь 2021 оны мөн үеийн хэмжээний тал хувьд л хүрэх юм.

-Бордоо: Европын холбооны хориг арга хэмжээ, импортын татвар бордооны салбарт нөлөөлөөгүй. Үүний үр дүнд 2021 оноос хойших импортын дүн төдийлөн өөрчлөгдсөн зүйлгүй байна. Европын холбооны орнууд 2025 оны эхний улиралд 640 сая ам.долларын бордоог ОХУ-аас импортолжээ.

-Никель: Европын холбоо АНУ, Норвеги, Их Британи, Канадын никелиэр импортоо төрөлжүүлэх стратеги баримталсан. Гэсэн ч Оростой худалдаагаа бүр зогсоосонгүй. 2025 оны эхний улиралд Оросоос 300 сая ам.долларын никель импортолжээ. Никелийг зэвэрдэггүй ган болон бусад хайлштай ган, батерей үйлдвэрлэлд ашигладаг.

Түүхий эдийн импорт, экспортоос гадна барууны олон зуун компаниуд Орост суурьшсан хэвээр байна.

Йелийн Менежментийн сургууль болон Киевийн Эдийн засгийн дээд сургуулиас гаргасан жагсаалтыг харвал АНУ-д төвтэй 100 шилдэг компани Орост үйл ажиллагаагаа явуулсаар байна. Европоос ч ялгаагүй хэрэглэгчдэд чиглэсэн брэндүүд, жижиглэн худалдаачид, програм хангамжийн компаниуд зэрэг олон 10 бизнес Орост амь бөхтэй оршсоор.

Орост үлдсэн барууны компаниудын Кремльд төвлөрүүлдэг татварын орлогын хэмжээ харьцангуй бага боловч тэд Оросын хүн амд амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгож буй.

Энэтхэг, Хятадын эрчим хүчний импорт

АНУ, Европын холбооны худалдааны бууралтын эсрэг үзүүлэлтийг Энэтхэгээс харж болно. Энэтхэг улс 2024 онд Оросоос 67 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Үүний 53 орчим тэрбум нь нефтийн бүтээгдэхүүн байв.

Дайны өмнөхөн Энэтхэг улс Оросоос 8.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж байжээ. Дайн эхэлснээс хойш Энэтхэгийн Оросоос импортлох нефть, байгалийн хийн хэмжээ огцом өссөн. Эрчим хүчний мэдээллийн "Vortexa" компанийн мэдээлснээр Оросын газрын тос Энэтхэгийн зах зээлийн 36 хувийг эзэлдэг.

Хятад улс ч бас дайн эхэлснээс хойш Оросын түүхий нефтийн худалдан авалтаа нэмэгдүүлсэн. Барууны орнууд Оросын шатахууны импортоо огцом бууруулсны дараа газрын тосны үнэ буурсан билээ. "Vortexa"-ийн мэдээлснээр өдгөө Хятадын түүхий нефтийн импортын 13.5 хувийг Орос эзэлж байна. Хятад улс 2024 онд ойролцоогоор 130 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Оросоос импортолсон бөгөөд үүний 62.6 тэрбум нь нефтийн бүтээгдэхүүн байв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ