Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт “Тэрэлжийн шугуй” гэх газар 2020 онд болсон нэгэн эмгэнэлтэй хэрэг 2022 онд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Хэрэгт 21 наснаас дээш настай, насанд хүрсэн эрэгтэй холбогджээ. Тэрбээр 19 настай охиныг “хамт салхинд гаръя” хэмээн ятгаж, голын эрэг рүү авч явсан байна. Тэд майхнаа засч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд шөнө дунд охины дотор муухайран майхнаас гарч, голын усанд хөл алдан унаж, живжээ. Эрэгтэй түүнийг аврахаар орсон ч өөрөө живэх шахаад амь гарч, харин охин амь насаа алджээ.
Энэ хэргийг анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл — хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт хамааруулан шүүгдэгчийг 3 жилийн хорих ял оноосон байна. Давж заалдах болон Улсын дээд шүүх уг зүйлчлэлийг хэвээр үлдээсэн бөгөөд дээд шатны шүүх хэргийг илүү гүнзгий, хууль зүйн талаас нь тайлбарласан юм.
Улсын дээд шүүх тайлбартаа дараах үндэслэлүүдийг онцолжээ.
Насанд хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насныхны бие бялдар, сэтгэхүй, оюун ухаан бүрэн төлөвшөөгүй байдаг тул архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь тэдний мэдрэлийн тогтолцоонд илүү хор хөнөөлтэй. Үүний улмаас өөрийгөө удирдах чадвар эрс буурч, осол гэмтэл, хүчирхийлэл, хүсээгүй бэлгийн харилцаа зэрэг олон сөрөг үр дагаварт хүрдэг гэж үзжээ.
Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулиар
21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйл худалдах, уух, уруу татаж уулгахыг хориглосон байдаг.
Харин уг хэрэгт холбогдсон шүүгдэгч энэ заалтыг зөрчиж, насанд хүрээгүй охинд архи уулгасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж шүүх дүгнэжээ.
Хохирогч нь архи согтууруулах ундаа хэрэглэж үзээгүй, туршлагагүй, биеэ авч явах чадвар бүрэн төлөвшөөгүй байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Шинжилгээгээр охины цусанд 3.5 промиль, ходоодны шингэнд 4.4 промиль спиртийн агууламж илэрсэн нь маш хүнд зэргийн согтолтод орсныг нотолж байна.
Ийнхүү согтолтын нөлөөгөөр охин өөрийн зан үйлийг хянах чадваргүй болж, улмаар тэнцвэр алдан усанд живж харамсалтайгаар амь насаа алдсан байна.
“Шүүгдэгч нь өөрөөсөө олон насаар дүү, насанд хүрээгүй хүнийг гэр бүлээс нь мэдэгдэхгүйгээр дагуулж явсан нь тэр хоёрын хооронд харилцан итгэлцэл үүссэн болохыг харуулж байна. Тиймээс тэр итгэлцлийн хүрээнд шүүгдэгч тухайн охины амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлтэй гэжээ.
Түүнчлэн шүүгч онцолж хэлэхдээ:
“Хэрвээ чи 21 нас хүрээгүй хүнийг архи, согтууруулах ундаа уулгасан бол түүнийг гараасаа буюу дэргэдээсээ алхам ч холдуулж болохгүй. Учир нь чи аль хэдийн хууль зөрчиж, тэр хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх байр сууринд орсон гэсэн үг” хэмээн тайлбарласан байна.
Шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийг харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар үндэслэн ял оноосон.
Энэ хэрэг нь насанд хүрээгүй хүнийг согтууруулах ундаанд уруу татах, болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл ямар ноцтой үр дагаварт хүргэж болохыг харуулсан эмгэнэлт, сургамжтай тохиолдол болон үлдлээ.
Б.Зул
www.BOLOD.mn
 

























