Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор хилийн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт бүх төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг зөвшөөрсөн.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн холбогдох төрийн байгууллагууд бэлтгэлээ хангаж, өнөөдрөөс импортын бараа бүтээгдэхүүн хүлээж авахад бэлэн болсон байна.
«Засгийн газраас шийдвэр гарч, сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Өмнө нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн, малын тэжээл импортолж байсан. Орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг боомт дээрх гаалийн хашаанаас дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачих замаар татан авна» гэж албаны хүн хэллээ.
Гэхдээ ОХУ-ын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомт хүрэх зам цас орсны улмаас хаагдаж, шатахуун ачсан 14, малын тэжээл ачсан 5, бусад төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан 3 ачааны машин өнөөдөр хоёр улсын хилийн хооронд түр саатаж байгаа ажээ.