
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн баталлаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 5.3 хувиар агшиж, төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөг болжээ. УИХ, Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор төсвөөс 2020 онд 2.4 их наяд төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан. Харин 2021 онд 2.7 их наяд төгрөгийн ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.
Мөн төсөв, мөнгөний бодлогыг оновчтой болгох, Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Дунд хугацаанд ил тод, цахим төсвийн бодлогын эрс шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, төрийн өмчит компаниудыг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, экспорт, ложистикийн татварын орлогыг бүрэн хураан ил тод байдлыг сайжруулж, далд эдийн засгийг хумьснаар татварын бааз суурийг өргөтгөнө. Төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийг хийх, төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийг дэмжих чиглэлд хийх, өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ хүрээнд эхний ээлжинд эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбаруудын төсвийн санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь тулгуурлаж хуваарилах замаар төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эдгээр салбарт зарцуулсан төсвийн нэг төгрөг бүрийг үр ашигтай болгоход чиглэсэн багц ажлыг үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан байна. Ингэснээр дунд хугацаанд эдийн засаг дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж тооцжээ. Дунд хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь, 2024 онд 2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцтэй байхаар тооцсон байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, 2021 онд эдийн засаг 7.2 хувиар, 2022 онд 4.6 хувиар, 2023 онд 6.3 хувиар өснө гэсэн тооцооллыг Сангийн яамнаас гаргасан бөгөөд эдийн засгийн өсөлтийг 6 орчим хувьд тогтвортой барихаар төслийг оруулж ирснийг тэмдэглэв.
Мөн тэрээр, Хөрш орнуудынхаа эдийн засаг, дэлхийн эдийн засгийн өсөлтийг тооцож хуулийн төслийг оруулж ирснийг онцлов. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг дунджаар 6 хувиар өсдөг байсан бол 2021 онд 8.4 хувиар өсөхөөр тооцсон байна. Мөн ОХУ-ын эдийн засаг хоёр хувиар тогтмол өсдөг байсан бол 3.8 хувийн өсөлттэй байхаар тооцоолжээ. Иймд гол түнш улс орнуудын эдийн засгийн өсөлтөд тулгуурлан тооцоо гаргасныг тодотгов.